СЭЛЭНГЭ: Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 378 хоршоо шинээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-01 14:04:57

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 5522 малчин өрх байна. Эдгээрийн 82 хувьд буюу 4483 малчин өрхөд 29715 км замыг туулан шинэ хоршоо хөдөлгөөний мэдээлэл хүргэжээ.

 

Мөн “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын “Бэст” хөтөлбөртэй хамтран 17 сум 6 тосгодын 36 хоршооны болон хоршоо байгуулах сонирхолтой 420 малчин өрхөд төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулсан байна.

 

Аймгийн хэмжээнд 378 хоршоо шинээр байгуулагдаж гэрчилгээгээ авч, хуучин 22 хоршоо гэрчилгээгээ шинэчилжээ.

 

Банкинд 277 хоршооны 36.5 тэрбум төгрөгийн хүсэлтээ гаргаснаас 230 хоршооны 28,9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. 185 хоршооны 13.0 тэрбум төгрөгийн зээлд Зээлийн батлан даалт хийсэн байна.

 

Шинэ хоршоо хөдөлгөөн нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг хоршооллын хэлбэрээр зохион байгуулах, улмаар хоршооны тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан бэхжүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.

 

Related news