А.Овечкин У.Гретцкийн амжилтыг давтлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 5 /AP/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин баасан гаргийн орой дубль хийснээр NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкийн амжилтыг давтжээ.
“Чикаго Блэкхокс” багийн эсрэг хийсэн тоглолт 5:3 онооны харьцаагаар вашингтончуудын хожлоор өндөрлөсөн бөгөөд А.Овечкин 893, 894 дэх гоолоо оруулсан байна. Ингэснээр А.Овечкин 1486 дахь тоглолтдоо энэ амжилтад хүрсэн бол У.Гретцки 1487 тоглолт хийж байв.
NHL-ийн ихэнх тоглогчийн
хувьд нэг улиралд 40 болон түүнээс дээш гоол оруулна гэдэг карьерынх нь өндөр үзүүлэлт байдаг бол А.Овечкин 14 дэх улиралдаа энэ амжилтыг үзүүлээд
байна. Түүнчлэн өдгөө 39 настай тэрбээр лигийн түүхэнд 35-аас дээш насандаа
хамгийн багадаа гурван улиралд 40-өөс дээш гоол оруулсан анхны тоглогч болоод
байна.
У.Гретцки NHL-ийн гоолын рекордыг анх 1994 онд эвдэж байсан бөгөөд нутаг нэгт хоккейчин Горди Хоугийн 801 гоол оруулсан дээд амжилтыг шинэчилж байлаа. Түүнээс хойш У.Гретцки таван улирал тоглож, 1999 онд 894 гоол оруулсан амжилттайгаар зодог тайлж байсан билээ.
Одоо лигийн тэмцээн дуусах хүртэл “Вашингтон Кэпиталз”-д 6
тоглолт дутуу байгаа бөгөөд дараагийн тоглолтоо энэ сарын 6-нд “Нью-Йорк Айлендерс”-тай
хийнэ.