ДУНДГОВЬ: Хариуцлагатай, тогтвортой хоршоо төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ, Дани-Монголын нийгэмлэгтэй
хамтран Данийн Вант Улсын “CISU- Иргэний нийгмийн хөгжлийн нэгдсэн
байгууллага”-ын санхүүжилтээр Хариуцлагатай, тогтвортой хоршоо төслийг Улаанбаатар
хотын 1 дүүрэг, 8 аймагт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Сайнцагаан сумын Засаг
дарга С.Бат-Оргилтой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ “Иргэний оролцоог дэмжин
нийгмийн ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах” зорилготой нийгэмд үйлчилдэг
ТББ ба Улаанбаатар хотын Багануур дүүрэг болон Баянхонгор, Дархан-Уул,
Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн 8 суманд үйл
ажиллагаагаа явуулдаг.
Тус байгууллагын хэрэгжүүлж буй “Хариуцлагатай,
тогтвортой хоршоо” төсөл орон нутагт хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа
бүхий хоршоодыг байгуулахад дэмжлэг үзүүлж, өмнө нь байгуулсан хоршоодын чадавхжуулах
замаар орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, ядуурлыг
бууруулахад хувь нэмэр оруулах” зорилготой юм. Төслийн хүрээнд зорилтот
аймгуудад Хоршооны сургагч багш нарыг бэлтгээд байна.
Санамж бичигт 2021 онд шинэчлэгдэн баталсан “Хоршооны
тухай хууль”, тогтоомжийг сурталчлах, шинээр хоршоо байгуулах, хоршооны гишүүд
болон иргэдэд хоршооны үндсэн ойлголт өгч, хоршоо байгуулах, хөгжүүлэх мэдлэг олгох, загвар хоршоо байгуулж хөгжүүлэх
зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.