ДАРХАН-УУЛ: Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээн боллоо

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-04-08 10:44:58

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.


"Тайж хасар банхар” НҮТББ-аас санаачлан зохион байгуулдаг уг тэмцээнийг аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей, Залуучууд театр, Артгэр медиа групп зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН, компаниуд, хувь иргэд дэмжин ажиллалаа.

 

Орон нутагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаа дэмжих, нохой сонирхогчид, үржүүлэгчид, судлаачдын хамтын ажиллагааг дэмжиж, уугуул үүлдрийн нохдыг хамгаалах зорилгоор төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж уламжлал болгож байна.


Энэ жилийн үзэсгэлэн, тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг найман аймгийн нохой сонирхогч, үржүүлэгчид оролцсон бол хамгийн хол нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас иржээ.




Тэмцээний ангилал нь 3-6 сартай эр, эм гөлөг, нэг настай эр, эм, хоёр настай эр, эм, гурав болон түүнээс дээш настай эр, эм нохой гэсэн найман ангилалд 100 гаруй нохой оролцож үзэсгэлэн, тэмцээний дүрмийн дагуу ангилал тус бүрээс 1-5 байр шалгаруулна.


Тэмцээний үеэр гөлөгний үзэсгэлэн худалдаа, нохойн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, "Artger Boodog Boys" хоолны үйлчилгээгээр үйлчилж жилээс жилд өргөжин тэлж байна гэж зохион байгуулагчид онцолж байлаа.