БАЯН-ӨЛГИЙ: Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд зориулсан “24/3 ЗӨВ УГАА” аяныг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулах, “24/3 ЗӨВ УГАА” аяны нээлтийг 4 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулна.
Энэхүү “24/3 Зөв угаа” үндэсний аяныг Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/413, А/151 дүгээр тушаалын дагуу улсын хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлэх юм.
Аяны нээлтийн үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газар хариуцан зохион байгуулах бөгөөд аймгийн ЗДТГ, Боловсролын
газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс зэрэг байгууллага оролцон, мэдээллээр
хангаж, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд оролцогчдод үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх
үзлэг хийж, Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд чиглэсэн
зөвлөгөө өгч, сурталчилгаа хийж ажиллах юм.
Ташрамд, Монгол улсын Засгийн газрын санаачилгаар Эрүүл мэндийн
сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу зохион байгуулсан эрт илрүүлэг,
урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 17 хүртэлх насны
хүүхдийн өвчлөлийн дунд шүд цоорох өвчин 77.7 хувь, шүдний гажиг 2.9 хувийг
эзэлж, тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 82.8 хувийг
6-17 насны хүүхдүүд эзэлж байна. Энэхүү үзүүлэлт нь амны хөндийн эрүүл ахуйн
мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал хэвшил бүрэн төлөвшөөгүй, зөв
зохистой хооллолтын талаарх мэдлэг дутмаг байгаа нь шүд цоорох өвчний гол
шалтгаан болж байна.