БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-12 19:26:46

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар болон Эрүүл мэндийн газартай хамтран “Хүүхдийн хоол тэжээл” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 11-нд зохион байгууллаа.


Зөвлөгөөний зорилго нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эрүүл, чанартай амьдралын баталгаатай иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талт оролцоог хангах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэжээ.


Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, хүнсний салбарын төлөөлөл оролцож, хүүхдийн хоол тэжээлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын боломжит шийдлүүдийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Аймгийн хэмжээнд "Үдийн хоол" хөтөлбөрийг 45 сургууль хэрэгжүүлдэг. Үүнээс, стандартын шаардлага хангасан гал тогоотой сургууль 28 хувь, зураг төслийн дагуу гал тогооны зориулалттай барьсан боловч технологийн дагуу чиг үүрэг зөрчигдсөн 29 хувь, зориулалтын гал тогоогүй дотуур байрыг түшиглэн, сургуулиас өөр өрөө гаргаж үйл ажиллагаа явуулдаг гал тогоотой сургууль 43 хувийг эгэлж байгаа бол, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн хувьд 45 хувь нь стандартын шаардлага хангасан, 55 хувь нь зураг төслийн дагуу гал тогооны зориулалттай хэмээн барьсан боловч технологийн чиг үүрэг зөрчигдсөн байдалтай байна.


Зөвлөгөөнөөр, хүүхдийн дунд бичил тэжээлийн дутал түгээмэл хэвээр байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, илүүдэл жин хүүхэд, өсвөр насныхны дунд нэмэгдэх хандлагатай, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, ялангуяа бичил тэжээлийн дутлыг багасгахад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн орчин, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарын уялдаа холбоо бүхий бодлого, хамтын ажиллагаа шаардлагатай хэмээн дүгнэлээ.

Бичил тэжээл гэдэг нь бага хэмжээгээр шаардагдах боловч эрүүл мэндийн чухал ач холбогдолтой бодисыг хэлнэ. Үүнд, тосонд болон усанд уусдаг амин дэмүүд, төмөр, цайр, кальци, иод, фтор гэх мэт эрдэс бодис орно. Хүнд бичил тэжээл дутагдсанаар цус багадалт, сульдаа, биеийн хөгжлийн хоцролт, таргалалт, яс сийрэгжих зэрэг өвчнүүд илэрдэг. 

Цаашид сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэнд дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, чанарт анхаарах, сургуулийн эргэн тойронд байгаа эрүүл бус хоол, хүнсний сурталчилгааг хязгаарлах тал дээр анхаарч, эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих орчин бүрдүүлэх, хүүхэд сургууль дээрээ идэвхтэй хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлэх, эрүүүл зөв хооллох дадалд сургах сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатай талаар зөвлөмж гаргажээ.


Related news