ЗАВХАН: Завхан гол "цатгалан иржээ"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан голд хавар иржээ. Энэ голын сав дагуу нутагладаг малчдын дунд хавар болж
төлийн дуу цангинахтай зэрэгцэн “гол ирэх” гэсэн яриа өрнөдөг.
Уржигдар тэнд явна гэсэн, өчигдөр энд ирж, энэ жил гол цатгалан байна гэж ярилцдаг. Мөн усны шувуудаас аль нь түрүүлж ирэв хотон хаана буудаллаад нисэв гэдгийг ч их ажиглана. Энэ бүгдийг ажиж ирж яваа зуны өнгийг тэр байтугай аль газрын морь хурдлахыг хүртэл энэ нутгийнхан шинжин ярилцдаг.
Энэ жил Завхан гол Дөрвөлжин сумын нутгаар цатгалан ирж, хаврын урь аль хэдийн оржээ.
700 км урт
үргэлжлэх, хангайн сүрлэг нурууны ноён оргил, Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны
баруун урдаас эх авч, Монгол элсэн манхныг хөвөөлөн урсах Завхан гол нь
Их нууруудын хотгорыг чиглэн урсаж, замдаа Тээлийн голтой нийлж нийт урт 800
гаруй км урссаар Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгадаг.
Эхэндээ уулархаг, дунд хэсэгтээ говийн бэсрэг уул, толгодоор, адаг хэсэгтээ элсэн манхнаар урсаж гадаргын хэлбэрээс хамаараад цутгал орчим нэлээд олон салаалдаг байна. Цутгалын хэсэгт далайн түвшнээс дээш 1029 м бөгөөд голын эхийн өндөр 2159 м гэж тэмдэглэгдсэн байна.
Завхан голын ус цуглуулах талбай 71210 хавтгай дөрвөлжин км бөгөөд Отгонтэнгэр уулын хоёр талаас эх авах гол, горхины усаар тэжээгдэнэ.
Завхан
голын томоохон цутгал нь Отгонтэнгэр уулын араас эх авч урсах Богд гол, Хар ус
нуураас урсах Татхан Тээлийн голууд юм. Татхан Тээлийн голын цутгалаас доош
Завхан голын ус ихээхэн нэмэгддэг ажээ.
Завхан гол Тайшир сумын нутгаас цааш гол төлөв элсэн дундуур урсах бөгөөд
Жаргалан сумын орчим Нар тусдаг уулын зүүн хэсгээс Богдын голын цутгал хүртэл
урсахдаа 4-5 томоохон салаа, садраа, хар усан тохой, ус чийглэг орчныг үүсгэн
илүүдэл усаа Монгол элсний Эрээн нуурт нийлүүлдэг.
Зуун гол нийлэхээр мөрөн болдог гэлцдэг. Тус гол нь 99 гол горхиноос тэжээгддэг бөгөөд мөрөн болоход нэг голын цутгал дутдаг учраас Завхан гол дуунд, ..."Мөрөнгийн энтэй Завхан гол Мөнхийн усыг орлоно" хэмээн тэмдэглэжээ.
Мөрөнгийн энтэй голд зориулсан “Завхан гол” дуу нь Завхан аймгийн сүлд дуу. Энэхүү дууг зохиогоод 36 жил болжээ. Завхан гол дууны үгийг урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Лутбаяр 1989 онд 25 настайдаа бичсэн байна.
...Өрмөл шаргалыг
хормойдсон
Өмнийн нарыг түнэлсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ
Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна хэмээн хүн бүрийн аманд өөрийн эрхгүй аялагдах энэхүү
дууны аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамъян зохиож, Монгол Улсын ардын
жүжигчин С.Батсүх дуулж олны хүртээл болгожээ.
Завхан гол дуунд зориулсан дуун хөшөөг дууны үг ноттой нь хамт бүтээсэн нь Улиастай сумын соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд бий. Завхан аймгийн Иргэдийн хурлаас 2009 онд “Завхан гол” дууг аймгийн сүлд дуу болгож баталсан байна.
Завхан гол, Их монголын элс, Хандын эрэг 2025 оны 4-р сарын 13
Завхан голын зун
Завхан голоос шуудуу татан Гуулингийн талд 4000 га талбайтай услалтын систем байгуулан олон жил ашиглаж иржээ. Услалтын системийн хаялга усаар олон жижиг нуур Дэлгэрийн талд үүссэнээс хамгийн том нь Тайгам нуур юм.
Мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс дээш 15 орчим км-т орших Ямаат Улаан боомын хавцлыг хааж усан цахилгаан станц байгуулан Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангаж буй Гэгээн нуур үүссэн байна.