Их мастер Б.Мөнгөнтуул Пунагийн гранприг хожлоор эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-15 10:30:49

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний ээлжит цуврал Энэтхэгийн Пуна хотод эхэллээ.


80 мянган еврогийн шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 10 шатарчин оролцож байгаагийн нэг нь Монголын тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул юм. 2024-2025 оны улирлын цувралд 20 шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд тэд зургаан тэмцээнээс гурвыг нь сонгож оролцох ёстой. Тэгвэл их мастер Б.Мөнгөнтуул өмнө нь Казахстаны Шымкент, Монакогийн цувралд оролцсон юм.


Энэхүү тэмцээнд манай шатарчнаас гадна Энэтхэгийн их мастер Хампи Конеру, Харика Дронавали, Дишмух Дивяа, Рамешбабу Вайшали, Хятадын Жу Жинер, Гүржийн Саломе Мелиа, Оросын Полина Шувалова, Польшийн Алина Кашлинская, Болгарын Нургюул Салимова нар өрсөлдөж байна. Пунагийн гранпри өчигдөр эхэлсэн бөгөөд манай тамирчин Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө Гүржийн мастер Саломе Мелиаг хожлоо.


Б.Мөнгөнтуул мастер Шымкентийн гранприд 10-р байр эзэлсэн бол Монакод онцгой байж тэргүүн байрыг хуваан эзэлсэн ч коэффицентийн зөрүүгээр гуравдугаарт жагссан. Ингэснээр нийлбэр 131.67 оноогоор хүснэгтийн есдүгээрт жагсааж байна. Пунад түүний өмнө эрэмбэлэгдсэн Хятадын Жу Жинер, Польшийн Алина Кашлинскаяа, Энэтхэгийн Хампи Конеру нар ирсэн. Б.Мөнгөнтуул оны сүүлийн гранприд оролцохгүй бөгөөд энэ нь түүний оноо цуглуулах сүүлийн тэмцээн юм.


Өнөөдөр их мастер Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинертэй тоглоно. 







Related news