Хиймэл оюун ухааны салбарт 2500 мэргэжилтэн, багш бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-15 16:53:46

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. AI Academy Asia-гаас санаачлан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон М банкны дэмжлэгтэй “Хиймэл оюуны үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.


Уг хөтөлбөр нь хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгож, дижитал ялгааг багасгах, олон нийтэд мэдлэг, ойлголт түгээх зорилготой бөгөөд ЕБС-ийн сурагчид, залуучууд болон орон нутгийн удирдлагуудад хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, ур чадварыг олгох замаар дижитал шилжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулахад чиглэх аж. Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд орон даяар 250 хиймэл оюуны манлайлагч мэргэжилтэн, 2250 анхан шатны багш бэлтгэж, тэднийг энэ салбарт манлайлагч болгон хөгжүүлэх юм.


“AI Academy Asia”-гийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ ярихдаа, “Кембриж болон дэлхийн бусад томоохон сургуультай хамтран хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Хиймэл оюун ухааны үндсэн хөтөлбөрийн хүрээнд Монголд 500 боловсон хүчин бэлтгэнэ. Техник, технологийн эрин цаг үед аль болох хоцрохгүйгээр зөв системтэй мэдлэгийг эзэмших нь хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн AI Academy-ийн онлайнаар суралцах боломжтой платформыг нээж байгаа юм. Энэ нь сонирхсон хүн бүрд нээлттэй бөгөөд хичээлийг монгол хэлээр хүргэнэ. Технологийн боловсролыг хүүхдүүд цэгцтэй, зөв суурьтай суралцах нь чухал” гэв. 

 

Орон нутгийн анхан шатны 2250 багш бэлтгэх хөтөлбөр гурван сар хүртэл үргэлжлэх бөгөөд 21-65 насныхан хамрагдах боломжтой. Мөн 21 аймаг 330 сумаас жил бүр багш бэлдэх юм.


Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай Монгол Улс хүн амын нас, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан дижитал шилжилтийн тэгш бус, хүртээмжгүй байдалтай тулгарч байна. Гэвч хиймэл оюун ухаан нь шинэлэг санаачилгыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах замаар монголын ирээдүйд хүчтэй, эерэг өөрчлөлт авчрах асар их боломжтойг дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид онцоллоо.



 

Related news