Цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх болжээ.
Энэхүү арга хэмжээг агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2015 онд хэрэгжүүлж байсан юм. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдах бөгөөд хүйтний улиралд буюу энэ сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн эрчим хүчний үнийг хөнгөлүүлнэ. Ингэснээр гэр хорооллын хэрэглэгчид 77.10 төгрөгийн тарифтай нэг кВт цаг эрчим хүчийг шөнийн цагаар 38.55 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Ингэснээр нийт хэрэглэгчид жилд 5.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг ЭХЗХ-ноос гаргасан байна.
Уг хөнгөлөлтийг 2012-2013 онд Агаарын бохирдлыг бууруулах сангаас хэрэгжүүлж байсан. Гэвч 2014 онд улсын төсөвт мөнгө суулгаагүй учраас зогсоосон юм.
Ч.Ариунболд