Намаасаа гарахыг Юн Сог Ёльд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-18 12:51:22

СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд хандан намаасаа гарахыг Ардын хүч намын /АХНдотоодын сунгаанд өрсөлдөж буй Ан Чоль Су өнөөдөр уриалжээ. Тэрбээр намыг шинэчилж, удахгүй болох сонгуульд ялалт байгуулахад ерөнхийлөгч асан намаасаа гарах нь нэн чухал хэмээн мэдэгдсэн байна.  


Ингэснээр Ан Чоль Су ирэх зургаадугаар сарын 3-нд болох сонгуулийн өмнө Ерөнхийлөгч асанд намаасаа гарахыг ил тодоор шаардсан, консерватив намын сунгаанд өрсөлдөж буй анхны хүн болжээ. Юн Сог Ёль өнгөрсөн 12 дугаар сард  онц байдал зарласны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.


Ан Чоль Су “Facebook хуудсандаа бичихдээ, Юн Сог Ёль намыг орхих нь улс төрийн хариуцлагыг хамтран хүлээдэг намыг өөрчлөн байгуулах эхлэлийн цэг болно гээд, түүний хувьд шийдвэрээ гаргах цаг нь болсон гэдгийг онцолсон байна.


Ерөнхийлөгч асан намаасаа гарах нь ард түмэн болон намынхаа өмнө хариуцлага хүлээж буй хамгийн энгийн үйлдэл юм гэж тэрбээр хэлээд, Юн Сог Ёлийг үргэлжлүүлэн өмгөөлж хамгаалсаар байвал нам удахгүй болох сонгуульд ялна гэж найдах хэрэггүй хэмээн мэдэгджээ. 


Юн Сог Ёль намыг орхисон тохиолдолд л АХН түүхийн хуудсыг улс төрийн шийтгэлээс шинэ эрин үе рүү шилжүүлж чадна. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа шинэчлэн ялалт байгуулахад намаас гарах түүний шийдвэр нэн чухал” гэж Ан Чоль Су хэлсэн байна.


2022 оны сонгуульд Юн Сог Ёльтой өрсөлдөж байсан Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр АХН-ын нэр дэвшигчдийг хоёр оронтой тооны зөрүүгээр илүүрхэн тэргүүлж байгаа юм.



Related news