Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр 39964 шалгуулагч өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-18 16:49:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэл хотын хэмжээнд байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ.


Энэ жил монгол хэл бичгийн шалгалтад 85 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулж байгаа бөгөөд комисс, зохион байгуулах багт 3301 багш, ажилтан ажиллаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр өмнөх оны төгсөгчид болон 12-р анги төгсөж буй 41433  шалгуулагч бүртгүүлснээс 39964 буюу 96.45 хувь нь шалгалтдаа хамрагдсан байна.


Шалгалт нийт 50 оноотой бөгөөд даалгаврыг 100 минутад хийж гүйцэтгэх ёстой аж. Тухайлбал, шалгуулагчдаас дараах дөрвөн чадварыг шалгана. Үүнд,

Уншаад ойлгох чадвар: 700 үгтэй бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ.

Зөв бичих чадвар: 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн таван үгийг олж засах.

Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар: Бичил эхийг уншаад кирилл бичиг рүү хөрвүүлнэ.

Эх зохион найруулж бичих чадвар:  Эсээ нь 250 үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоо, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ.


Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна. Өнөөдөр 12 дугаар ангийнхан шалгалт өгсөн бол маргааш 10:00-11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10 дугаар ангийнхан шалгалтаа өгөх юм. Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө очсон байх шаардлагатай бөгөөд шалгалт авах танхимд 10 минутын өмнө байраа эзэлсэн байх ёстой болохыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулав. 



Related news