“Оскар”-т санал өгдөг хүмүүс бүх киног үзсэн байх ёстой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /AFP/. “Оскар”-ын наадмын шагналтнуудыг тодруулахад санал өгдөг хүмүүс эцсийн санал өгөхийн өмнө ангилал тус бүрийн бүх киног үзсэн гэдгээ нотлох шаардлагатай гэж Америкийн Кино урлагийн академи даваа гарагт мэдэгдлээ.
Саналаа өгдөг хүмүүс зарим киног үзэлгүйгээр алгасаж байна гэх олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн асуудлыг шийдвэрлэх зорилготой энэхүү шинэ
дүрэм 2026 оны гуравдугаар
сард болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос эхлэн хэрэгжих ажээ.
Одоогоор санал өгөх хүмүүс “Оскар”-т нэр дэвшсэн кино
бүрийг саналаа өгөхөөсөө өмнө
үзнэ гэсэн харилцан итгэлцлийн зарчмыг тус академи баримталж байгаа юм. Гэвч
сүүлийн жилүүдэд нэр дэвших
бүтээлүүдийн тоо олшрохын хэрээр зарим хүн үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ
хүлээн зөвшөөрөх болжээ.
Харин шинэ
системийн дагуу академийн
гишүүд кино бүрийг үзсэн эсэхийг шалгахын тулд зөвхөн сонгогчдод зориулсан
стриминг платформ дээр хянах ажээ. Түүнчлэн кино театр
эсвэл кино наадам зэрэг өөр газар үзсэн киноны хувьд хэзээ, хаана үзсэнээ баталгаажуулсан “анкет бөглөх”
шаардлагатай гэж “Hollywood
Reporter” сэтгүүлд бичжээ.
Академи мөн өнгөрсөн санал хураалтын үеэр маргаан дагуулсан “The Brutalist”, “Emilia Perez” кинонуудад хиймэл оюун ухааныг ашигласан тухай асуудлыг мөн хөндсөн байна. Даваа гарагт гаргасан удирдамжид дурдсанаар, хиймэл оюун болон бусад дижитал хэрэгслүүд нь “нэр дэвшихэд тус дөхөм болохгүйгээс гадна хор хөнөөл учруулахгүй гэжээ. Ингэснээр технологийн хэрэглээ нь шалгуур хангахгүй байх шалтгаан болохгүй гэдгийг тодруулсан байна.
“Академи болон түүний салбар бүр нь аливаа бүтээлийг сонгохдоо уран бүтээлийн багийн гол цөм нь хүн байсныг харгалзан үзэж шүүнэ” гэж мэдэгдэлд дурджээ.