Сонсголын бэрхшээлтэй сурагчид технологи ашиглан энгийн сургуульд суралцах боломжтой болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Нийслэлийн Ерөнхий боловсролын 29-р сургуулийн сурагчдад нөүтбүүк /Chromebook/ гардууллаа.
Боловсролын яамнаас Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулсан туслах хэрэглэгдэхүүний тохируулга хийх” туршилтыг ирэх наймдугаар сараас хийхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн сургуульд суралцаж буй сул сонсголтой болон сонсголын бэрхшээлтэй сурагч болон багш нарт шаардлагатай 340 нөүтбүүкийг өгч буй юм. Энэ удаад Нийслэлийн Ерөнхий боловсролын 29-р сургуулийн сурагчдад тус төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэхүү тохируулгыг хийснээр сурагчид хамран суралцах дүүргийнхээ аль ч ерөнхий боловсролын сургуульд технологийн тусламжаар суралцах боломжтой аж.
Ташрамд дурдахад, тус сургуульд сонсгол, хэл ярианы онцлог хэрэгцээтэй хүүхдүүд нийслэл болон орон нутгаас ирж суралцдаг аж.
Related news

