ДУНДГОВЬ: Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-25 17:35:32
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын дагуу Сайнцагаан сумын ЗДТГ, аймгийн ОБГ-аас Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна. 


Дадлага сургуулиар тус сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүдийн бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, орон сууцны гал түймэр унтраах, оршин суугчдыг аюулгүй талбайд гаргах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг дадлага сургууль хийлээ.


Аймгийн ОБГ-ын мэдээлснээр, байгалийн 30 гаруй аюулт үзэгдлээс Дундговь аймагт ган, зуд, цасан болон шороон шуурга, хуй салхи, цөлжилт, аянга, аадар бороо, үер, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, хээрийн түймэр, уурхайн дэлбэрэлт, гүний нуралт, химийн хорт бодисын хордуулалт, объектын гал түймэр болон авто тээврийн хэрэгслийн томоохон осол зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, техникийн холбогдолтой осол түгээмэл тохиолддог.


2022-2024 онд гал түймрийн 134, нуур, тогтмол усны осол 6, хүчтэй болон цасан шуурга 98, газар хөдлөлт 9, мал, амьтны гоц халдварт өвчин 63, цахилгаан, шугам сүлжээний гэмтэл 2, уул уурхайн осол 2, зам тээврийн осол 23, нийт 383 удаагийн  гамшиг, аюулт үзэгдэл, осол болж, 26 хүн амиа алдаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнийг өмнөх 3 жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад 5 дахин өсжээ.


Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдлийн улмаас ийнхүү байгалийн аюул, гамшигт үзэгдэл, осол нэмэгдэж байгаа. Тиймээс сумын онцгой комиссын гишүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч, эрсдэлийг бууруулах чадвар, чадамж олгох танхимын сургалтыг энэ үеэр мөн зохион байгуулж, Сайнцагаан сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах дадлага хийж байна. 









Related news