Д.Песков: Украины талтай урьдчилсан болзолгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-04-27 12:40:30

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /DW/. ОХУ-ын эрх баригчид Украины талтай ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн байгааг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков бямба гарагт мэдэгджээ.


Д.Песковын хэлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткоффтой дөрөвдүгээр сарын 25-нд Москвад хэлэлцээ хийх үеэрээ дээрх байр суурийг уламжилсан байна. Уг уулзалтын дараа Кремль мөн Орос, Украины хооронд шууд хэлэлцээ хийх боломжийг хэлэлцсэн гэж мэдээлсэн юм. 


“Трампын тусгай элч Уиткоффтой өчигдөр хийсэн уулзалтын үеэр Оросын тал ямар нэг болзол тавихгүйгээр Украинтай хэлэлцээний үйл явцыг сэргээхэд бэлэн байгаа гэдгийг дахин илэрхийлсэн" гэж Д.Песков хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Путин энэ талаар олон удаа ярьж байгаа” гэсэн байна.


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон бямба гарагт Ватиканд Владимир Зеленскийтэй уулзсныхаа дараа “Украин ямар нэг болзолгүйгээр гал зогсооход бэлэн байна” гэж мэдэгджээ.


Гал зогсоосны дараа Украин тал Москватай "ямар ч хэлбэрээр" хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна гэж В.Зеленский дөрөвдүгээр сарын 22-нд мэдэгджээ. Тэрбээр мөн ОХУ Крымийг өөртөө нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Related news