"Барселона" баг Испанийн цомыг 32 дахь удаагаа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-27 14:25:24

МАДРИД, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /TASS/. Севилья хотод өчигдөр болсон Испанийн цомын тэмцээний шувтаргын тоглолтын нэмэлт цагт "Барселона" баг "Реал Мадрид"-ыг 3:2 харьцаагаар хожжээ. 


Тоглолтын үндсэн цаг 2:2 гэсэн харьцаагаар дууссан байна. "Барселона" багаас Педри (28 дахь минут), Ферран Торрес (84),  Жюль Кунде (116) нар бөмбөг оруулсан бол "Реал Мадрид"-аас Килиан Мбаппе (70), Орельен Чуамени (77) нар гоолдсон байна. 


Тоглолтын хоёрдугаар үеийн нэмэлт цагт тоглолтын ерөнхий шүүгч Бургос Бенгоэчеа “Реал Мадрид”-ын хаалганд торгуулийн цохилт заасан боловч бичлэг үзсэнийхээ дараа шийдвэрээ өөрчилж, “Барселона” багийн тоглогч Рафиньяг худлаа дүр эсгэн унасан гэж шар хуудсаар торгожээ.


"Барселона" баг энэ улиралд "Реал Мадрид"-ыг гурав дахь удаагаа хожлоо. Үүнээс өмнө каталончууд Испанийн аварга шалгаруулах тэмцээний хариу тоглолтод (4:0), мөн Супер цомын тэмцээнд (5:2) хожсон юм.


"Барселона", "Реал" багууд Испанийн цомын тэмцээний финалын тоглолтод 2014 оноос хойш анх удаа учраа таарчээ. Тухайн үед Мадридын баг 2:1-ийн харьцаагаар хожиж байв. Хоёр багийн хувьд найм дахь удаагаа шийдвэрлэх тоглолтод таарсан бөгөөд аль аль нь дөрвөн хожилтой. 


"Барселона" Испанийн цомын тэмцээнд 32 дахь удаагаа түрүүлж, дээд амжилтаа ахиуллаа. Каталончуудын ард "Атлетик Бильбао" (24), "Реал Мадрид" (20) багууд бичигдэж байна.

Related news