Монголын жүдочид ААШТ-ээс дөрвөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
29 орны 289 жүдоч оролцсон энэхүү барилдаанд манай улсаас 18 тамирчин зодоглож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Т.Ариунзаяа тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо мөнгөн медальтай ирэх нь. Тэгвэл Л.Энхрийлэнгийн хувьд иж бүрэн медальтай болж байна. Түүний хувьд өнгөрсөн жил түрүүлж байсан бол энэ удаа мөнгө дээрээ буулаа.
Түүнчлэн 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүрэл медалийн тавцанд зогссоноор ААШТ-ий хошой медальтан болж байна. Тэгвэл эрэгтэйчүүд энэ удаагийн тэмцээнээс медаль хүртэж чадсангүй. Монголын жүдочид өнгөрсөн жилийн ААШТ-ээс гурван алт бүхий 11 медаль хүртэж байсныг эргэн сануулъя.
Монголын тамирчид өнөөдөр багийн барилдаанд зодоглоно.