Улсын арслан Б.Орхонбаяр Монгол бөхийн өргөөнд найм дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдрүүдэд улс, аймгийн цолтнууд оролцсон дараалсан барилдаан болов.
Бямба гарагт болсон нийслэлийн МАН-ын барилдаанд дархан аварга, улсын аварга, зургаан арслангаар манлайлуулсан 128 хүчтэн зодоглоход Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб “Жавхлант” дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын залуу арслан Б.Орхонбаяр үзүүрлэсэн юм. Н.Өсөхбаярын хувьд бөхийн өргөөнд ес дэх түрүүгээ хүртсэн нь энэ. Түүнд улсын аварга Д.Сумъяабазар “Ирээдүйн аварга” шагнал гардуулсан бол Ч.Бээжингийн аваргын гэр бүлээс үнэн зоригт харцага Б.Зоригбаатарт “Уран барилдааны шагнал” олгов.
Тэгвэл өчигдөр болсон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 120 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв. Улсын арслан Б.Орхонбаяр Монгол бөхийн өргөөнд найм дахиа түрүүлж байна. Тэгвэл энэ улиралд гурав түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа их шөвөгт шалгарсан юм.
Тус барилдааны их
шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага
Н.Золбоо, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт
хороо, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин
Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Өсөхбаяр, харцага Э.Лхамхүү нар үлдэв.