ДАРХАН-УУЛ: Малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэлтийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-28 12:22:27

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/73 тушаал, аймгийн засаг даргын 2025 оны 01-А/136 захирамжийн дагуу “Мал эмнэлэг, ариун цэврийн аян”-ыг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 15-нд эхэлсэн уг аяны хүрээнд малын сэг, зэмийг ачиж зөөх, дарж булшилж байна.


Түүнчлэн хүн, мал амьтны зоонозын болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, бэлчээр, бууц, усны эх үүсвэрийг цэвэрлэж халдваргүйжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллага зохион байгуулж байна. Мөн отор нүүдлийн малын шилжилт, хөдөлгөөнд хяналт тавих малчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэх, вакцинжуулалт, малын үзлэг, тандалт хийх, мэдээ, зөвлөмж түгээх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Малчид малын зүй бус хорогдлыг арилгахын тулд хариулгатай байлгах, мал амьтныг тогтмол хянах, өвчний шинж тэмдэг илэрвэл шуурхай мэдээлэх зөвлөмжийг аймгийн мэл эмнэлгийн газраас хүргэжээ.


Халдварт өвчний үед сэжигтэй сэг зэмийг мэргэжлийн байгууллагаар устгуулах, малын байр, усалгаа, хашааг халдваргүйжүүлэх, мал эмнэлгийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах нь эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.

Мал эмнэлэг, ариун цэврийн аян тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Related news