ДАРХАН-УУЛ: Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамжийг жишиг болгон тохижууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дөрвөн замын уулзвараас Дархан өртөө хүртэлх авто замыг иж бүрэн тохижуулж өнөөдөр нээлээ. Уг өргөн чөлөө нь Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит бөгөөд ийнхүү бүрэн тохижуулж ашиглалтад оруулав.
Тодруулбал, Маршал Ю.Цэдэнбал нь Монгол Улсын төрийг удирдаж байх хугацаандаа буюу 1960 оны 4 дүгээр сард ирээдүйн хотын буурийг Бурхантын хөндийд төлөвлөж МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/260 дугаар тогтоолоор Улаанбаатар Төмөр замын “Дархан станц”-ын дэргэд Дархан хотыг байгуулах тухай тогтоол гаргаж байжээ.
Тиймээс Дархан хотыг үүсгэн байгуулах анхны санаачилгыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал гаргасан гэж үздэг. Ийнхүү Дархан хотын үндэс суурийг тавьж түүхэн гавьяа байгуулсан эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын зүүн урд уулзвараас Төмөр замын 8 дугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох тухай тогтоол гарсан байна.
Уг зам нь 1.2 км урт, ногоон байгууламж, амрах хэсэг, олон улсын стандартын шаардлага хангасан явган хүний болон дугуйн зам тавьж шинэчилжээ.
Үүнээс явган хүний замын 100 гаруй метр хэсгийг Монголдоо анх удаа доороосоо халдаг технологиор хийжээ. Ингэснээр өвлийн улиралд хөлдөхгүй, халтиргаа гулгаа үүсэхгүй юм. Цаашид уг технологийн туршилтын хугацааг амжилттай давсан тохиолдолд хотын дотор шинээр хийх явган хүний замыг өвөл хөлдөхгүй байхаар шийднэ гэж аймгийн засаг дарга онцолж байна.
Улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн
санхүүжилттэй уг замын
бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр
"Цахимбар инженеринг” ХХК хоёр жилийн хугацаанд ажиллаж ашиглалтад
орууллаа.
Энэхүү зам тохижилтын ажил нь иргэдийн ая тухтай амьдрах орчин, хотын хөгжил, бүтээн байгуулалтын шинэ жишиг болж буйг аймгийн удирдлагууд ярилаа.