Хотын төв талбайн асарт 1400 харваач чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн төв талбайн асарт өнөөдөр эхэллээ.
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна.
Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст спортыг сурталчлан таниулах, өвлүүлэхэд оршиж байгаа аж.
Уг тэмцээнийг НИТХ-ын дарга А.Баяр нээж хэлэхдээ, “2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Өнөөдөр энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанарыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах нь зүйд нийцнэ. Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт” гэдгийг онцлоод, нээлтийн эхний харвааг гүйцэтгэлээ.
Уг харваанд оролцож буй хамгийн ахмад харваач нь 83 настай Ж.Бүрнээ гуай байгаа бол залуу нь долоон настай харваачид байв.
Тэмцээний фото агшнаас хүргэе.