Вьетнамын караокед гал гарсны улмаас 13 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-02 11:28:30

ХАНОЙ. /Xinhua/. Өчигдөр Вьетнамын нийслэл хотын нэгэн караокед гал гарсны улмаас наад зах нь 13 хүн амиа алдсан тухай тус хотын Гал унтраах, аврах алба мэдэгдэв.

Аврагчид болон гал сөнөөгчид мягмар гарагийн шөнө дунд Кау Гиая дүүргийн Тран Тай Тонг гудамжинд байрлах караокегоос 13 хүний цогцсыг гаргалаа гэж Гал унтраах, аврах албаны төлөөлөгч Доанх Манх Виет мэдэгджээ.

Аврах ажиллагаа үргэлжилсээр байна гэж тэрбээр нэмж хэлэв.

Гал түймэр орон нутгийн цагаар үдээс хойш 2:00 цагийн үед гарч, улмаар ойр орчмын байшингуудад дамжин тархсан байна. Үүний улмаас найман давхар байшин болон автомашин, мотоциклууд галд шатжээ.

Гал гарсан орчинд 6 караоке, олон ресторан, дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус дүүргийн албаны хүмүүсийн ярьснаар, уг шатсан караокений эзэнд галын аюулгүй байдал хангасныг нотлох зөвшөөрөл олгоогүй байсан аж.

Он гарснаас хойших 10 сарын хугацаанд Вьетнамд 2660 удаа гал гарч, дэлбэрэлт болсны улмаас 96 хүн амиа алдаж, 224 хүн түлэгдэж гэмтсэн тухай Галын аюулаас урьдчилан сэргийлэх албанаас дээрх хэрэг гарахын өмнөхөн мэдэгдэж байжээ.

Д.Нямтулга

 

Related news