СҮХБААТАР: Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-05-02 16:17:15

Баруун-Урт 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн Байгаль орчны газраас тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдаанд Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт сумаас тарьц суулгац бэлтгэдэг таван аж ахуйн нэгж, дөрвөн иргэн 20 гаруй төрлийн мод, 10 төрлийн мандлын болон тасалгааны цэцгийн болон нарийн ногооны үрсэлгээг худалдаж байна.



"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 30 сая мод тарих үүрэгтэй2021-2024 онд нийт 800 гаруй мянган мод тарьжээ. Модны ургалт 75-80 хувьтай байна. Сүхбаатар аймгийн хувьд тал хээрийн нутаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлүүд ойр давтамжтай болж байгаа нь модны ургалтад нөлөөлж байгааг хэллээ.


Өнгөрсөн онд 397 мянган мод тарьсан бол энэ онд хавар, намрын тарилтаар 342 мянган мод нэмж тарихаар төлөвлөсөн. Тарьц суулгацын нөөц хангалттай байгаа. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд иргэд ч оролцох үүрэгтэй. Тиймээс энэ жил айл өрх, иргэдийг мод тарихад уриалах, идэвхжүүлэх ажлыг голлон хийнэ гэж аймгийн БОГ-ын мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр хэллээ.



Баруун-Урт, Түмэнцогт суманд тарьц суулгац бэлтгэдэг ААНБ-ууд байдаг. Мөн хувиараа бэлтгэж нийлүүлдэг иргэд ч цөөнгүй бий. Сүхбаатар ойжуулалт компанийн хувьд энэ жил хайлаасны 20 мянга, улиасны 5000, бургасны 500 ширхэг суулгац бэлтгэжээ

Related news