БАЯНХОНГОР: Салхи зарим үед 22-24м/с давж ширүүсч шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-05 11:34:53

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдөр Богд, Баянцагаан, Жинст суманд 21-26 м/с, зарим үед 28 м/с хүртэл, Баянхонгор, Галуут, Байдраг, Шинэжинст, Баацагаан, Гурванбулаг, Баян-Өндөрийн нутгаар 12-16 м/с, зарим үед 20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурлаа.


Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр энэ долоо хоногийг дуусталх хугацаанд ихэнх нутгаар шуургатай, сэрүүн байх ба хугацааны дунд үед зарим газраар хур тунадас орно.


Энэ сарын 5-9-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээгээр, 6-7-нд зарим газраар хур тунадас орно, салхи 6,7-нд тал хээр болон говийн нутгаар баруун хойноос 14-16м/с, зарим үед 22-24м/с давж ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с.


Агаарын температур: Сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0 -5 градус хүйтэн, өдөртөө +7 +12 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн, өдөртөө +10 +15 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +5 +10 градус, өдөртөө +14 +19 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +10 +15 градус, өдөртөө +21 +26 градус дулаан байна


Салхи шуургатай өдрүүдэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас сануулав. Шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Related news