ЗАВХАН: Улиастай Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-05 12:54:07

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Алтай-Улиастай чиглэлийн 178 километр авто замын эхлэл хэсэг, Улиастай-Цагаанхайрхан хэсгийн 40 километр хатуу хучилттай авто замын төслийн нээлт боллоо.


"Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл"-ийн хүрээнд хийх авто замын нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нарын албаны хүмүүс, төслийн гүйцэтгэгч компани, нутгийн иргэд оролцлоо.


Улиастай сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүлж байна. Алдархаан сумын нутагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл”-ийн III үе шатны багц хоёр болох Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км авто замыг 2028 онд ашиглалтад оруулна.


Энэ зам нь аймгийн төвөөс сумын төвийг холбох, Улиастай-Алтай, улмаар Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой юм. Улиастай-Алтай чиглэлийн авто замыг Азийн хөгжлийн банкны дэмжлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чайна Жиангсу интернэйшнл экономик техникал корпорейшн групп төслийг гүйцэтгэх юм.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл авто замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд болох юм.


Эдгээр авто замууд нь ОХУ-БНХАУ-ыг холбосон баруун бүсийн нэг коридор зам болох юм. Энэхүү коридор замын тээвэр логистикийн төв нь Завхан аймаг болно. Энэхүү ажлын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах тендер зарласан байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл”-ийн III үе шатны багц хоёр болох

Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км авто замын нээлт

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: -Эдгээр автозамууд нь ОХУ-БНХАУ-ыг холбосон баруун бүсийн нэг коридор зам болох юм. Энэхүү коридор замын тээвэр логистикийн төв нь Завхан аймаг болно. 

Related news