ХӨВСГӨЛ: Спортын 7 төрлийн шигшээ баг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-05 16:36:03

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт спортоор өсөх ирээдүйтэй, авьяаслаг хүүхэд, залуучуудыг нэгдсэн хөтөлбөр, бодлогын дагуу системтэй бэлтгэж, ур чадварыг сайжруулах, амжилт гаргах баг, тамирчдыг бэлтгэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор спортын 7 төрлөөр өсвөрийн шигшээ баг байгууллаа.


Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, жүдо, чөлөөт бөх, таеквондо, тэшүүр гэсэн 7 төрлөөр шигшээ баг байгуулж, тус шигшээ багийг ажиллуулахаар сонгогдсон дасгалжуулагч нартай аймгийн ЗДТГ-ын дарга Г.Гандэлгэр гуравласан гэрээг байгууллаа.




Цаашид спортоор хичээллэх хүүхэд, өсвөр үеийнхний тоог нэмэгдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээнд хоймор нутгаа дуурсган амжилт гаргах баг, тамирчдыг бага наснаас нь бэлтгэх юм.


Хөвсгөл нутгаас олон шилдэг тамирчид төрсөн байдаг. Тухайлбал Мөрөн сумын харьяат Б.Баасанхүү нь өнгөрсөн онд жүдо бөхийн 48 кг-ийн жинд Дэлхийн аварга, олимпын наадамд мөнгөн медалийн эзэн болсон юм.


Тэрбээр 13 наснаасаа эхлэн 12-р анги төгстлөө А.Даваадорж багшийнхаа удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж байсан гэдгийг Хөвсгөл аймгийн БТСГ-ын дарга Б.Баярсайхан хэллээ.

 

 

 

Related news