ХӨВСГӨЛ: Өлийн давааны 13 овоог XVI зууны үед босгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваа бий.
Давааны чанх орой дээр баруунаас зүүн тийш цувуулж босгосон 13 овоог нутгийн иргэд Өлийн давааны 13 овоо гэдэг.
Тус овооны гарал үүслийн тухай түүхч О.Пүрэв “Монголын феодалын бутрал болж. Монголчууд баруун, зүүн өмнөд гэж салан тусгаарлаж байсан дайны хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотнын хүн овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг.
Мөн Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд “Халхын автай хааны хүү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд Шишхэд нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн овоог давахдаа 13 овоог босгосон гэж нутгийн өвгөд хуучилж байлаа.
Арван гурван овоо босгосон нь 13 Монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадынхан үздэг.
Тус овоог 1990-ээд оны эхээр сэргээн засаж эргэн тойрон
модон хайс барьж, голын том овоонд идээ будаа өргөх, зул барих, арц хүж асаах
тусгай тавцан засаж Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын иргэд
хамтран тахидаг болжээ.