ЗАВХАН: Малчид ноолуурын дуудлага худалдаанд оролцох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-12 14:02:49

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завханы Улиастайд ноолуурын дуудлага худалдааг энэ сарын 15-16-ний өдрүүдэд зохион байгуулна.


НҮБ, Завхан аймгийн ЗДТГ, Адапт төсөл ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсад ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд оролцох юм.


Мөн малчид, хоршоодтой гэрээ хийх юм. Дуудлага худалдаанд оролцох сонирхолтой малчид нь сайн чанарын ноолуур авчирч оролцох ба борлуулах ноолуурт хэмжээ тогтоохгүй. 5 дугаар сарын 15-ны өдөр оролцогчдыг бүртгэж, сургалт мэдээллээр хангана. Малчдын дуудлага худалдаанд оролцуулж байгаа ноолуурыг тухайн зах зээлийн үнээс тодорхой хэмжээний илүү үнээр худалдан авна. Мөн чанартай ноолуурыг үнэ хаялцаж дуудлага худалдаанд оруулах юм.


Энэхүү дуудлага худалдааг зохион байгуулснаар, гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрнө. Худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай юм. Үндэсний үйлдвэрүүд болон ноолуурын худалдаа эрхлэгчид оролцох боломжтойгоороо давуу талтай юм гэж Адапт төслийн Завхан аймаг дахь орон нутгийн зохицуулагч мэдээлэв.


Ташрамд, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм.


Энэхүү үйл ажиллагаа нь цагаан алт үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн, малчид үндэсний үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн цаг үеэ олсон үйл ажиллагаа юм. 

Related news