Хүүхдүүддээ героин тарьсан хэргээр гэр бүлийн хоёрыг шалгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Вашингтон муж улсад амьдардаг нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр гурван хүүхдээ унтуулахын тулд тэдэнд героин тарьсан хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Эшли Хатт болон Мак Лероя МакИвер нар 6, 4, 2 настай гурван хүүхэдтэй бөгөөд тэдний гэрээс хулганы ялгадас, хар тамхины зүү, героин олдсон гэж цагдаагийн газар мэдэгдэв.
Өнгөрсөн даваа гарагт Эшли Хаттыг шүүх хурал болсон бөгөөд түүнд хүүхдүүдийг аюултай нөхцөл байдалд оруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. МакИверт мөн адил хэрэг үүсгэжээ.
Гурван хүүхдийг өнгөрсөн 11 дүгээр сард гэрээс нь өөр газарт аваачсан байна.
Пирс тойргийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эд Тройер “Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө “хүүхдүүд эмгэнэлтэй нөхцөл байдалд амьдарч байсан. Хар тамхины асуудлыг эс тооцлоо ч гэсэн тэдний амьдардаг орчин нөхцөл маш хүнд байсан" гэлээ.
“Тэд надад сайхан мэдрэмж төрүүлдэг эм өгсөн. Цагаан нунтаг зүйлийг устай хольж, тарьсан” гэсэн утгатай мэдүүлгийг зургаан настай хүүхэд мөрдөн байцаагч нарт өгснийг шүүхийн баримт бичигт хавсаргажээ.
Гэр бүлийн хоёр хоёулаа героин хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хүүхдүүдээ героиноор тарьсан гэж өөрсдийг нь буруутгаж буйг няцаасан байна.
Д.Нямтулга