Орогнол хүсэгчдийг Германы хил дээрээс буцааж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-12 12:03:38

БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 12 /DW/. Европын бусад оронтой залгаа Германы хил дээрээс орогнол хүсэгчдийг буцааж эхэлсэн нь тус улсын шинэ засгийн газар цагаачлалын бодлогыг чангатгаснаас хойших анхны ийм арга хэмжээ боллоо гэж Германы нэгэн сонин ням гарагт мэдээлжээ. 


“Өнгөрсөн пүрэв, баасан гарагт хилээр 365 хүн бичиг баримтгүй нэвтэрснээс 286 цагаач, дүрвэгчийг буцаасан. Тэдний 19 нь орогнол хүссэн өргөдөл гаргасан байсан. Хүчинтэй виз аваагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн зэрэг шалтгаанаар дээрх хүмүүсийг буцаасан” гэж Bild am Sonntag” сонинд бичжээ.


Тус сонинд мэдээлснээр, хууль сахиулагчид хоёр өдрийн хугацаанд хүмүүсийг хууль бусаар хил давуулдаг 14 этгээдийг баривчилж, 48 баривчлах тушаалыг гүйцэтгэж, хэт зүүний, хэт барууны, исламист үзэл суртлын тухай хуулийн дагуу есөн хүнийг баривчилсан байна. Харин “эмзэг ангилалд хамаарах дөрвөн хүнийг Германд нэвтрэхийг зөвшөөрчээ.


Шинээр томилогдсон Канцлер Фридрих Мерц хууль бус цагаачдыг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлахын тулд албан тушаалдаа орсон эхний өдрөөсөө эхлэн Германы хуурай газрын хилийн 9 шалган нэвтрүүлэх цэгт байнгын хяналт тавихаа амласан юм. “Герман улс Европын Холбооны аюулгүй орнуудаар хүрээлэгдсэн тул цагаачид Европт анх газардсан даруйдаа орогнох хүсэлт гаргах ёстой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Мөн Дотоод хэргийн сайд Александр Добриндт орогнол хүсэгчдийг тодорхой нөхцөлүүдийг харгалзан хил дээрээс буцаах болно гэж лхагва гарагт мэдэгджээ. Харин хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эмзэг гэсэн ангилалд хамаарах хүмүүст уг шийдвэр хамаарахгүй. Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхийн тулд цагдаагийн 3000 орчим ажилтныг нэмж илгээх ажээ.





Related news