Т.Хөвсгөлдалай: Ковидын голомтод ажилласан анхны сувилагч хэмээн биднийг “Баатрууд” гэж хүлээн авч байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
-Олон улсын сувилагчдын өдөрт-
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон
улсын сувилагчдын өдөр.
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр 1850-иад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ. Харин манай улс эл өдрийг 1995 оноос хойш тэмдэглэж ирсэн. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.
Өнөөдөр 15 мянга орчим сувилагч ажиллаж байна гэсэн тоо бий. Зөвхөн эх орондоо төдийгүй гадаадын томоохон нэр хүндтэй эмнэлгүүдэд сувилагчаар ажилладаг цөөнгүй монгол иргэн байдаг. Тэдний нэг нь ХБНГУ-ын Бeрлин хотын Эрүүл мэндийн хамгийн том концeрн болох дэлхийд тэргүүлэгч “Vivantes-Charite” эмнэлгийн сувилагч Т.Хөвсгөлдалай юм. Германы чадварлаг мэргэжилтнүүдтэй гар нийлэн ажиллаж буй түүнтэй баярын нь энэ өдрийг тохиолдуулан цахимаар ярилцлаа.
-Юуны түрүүнд,
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэнд хүргэе. Энэ мэргэжлээр хэдэн оноос
ажиллах болов. Анх сувилагч гэдэг мэргэжлийг сонгох шийдвэр гаргаж байсан үеэ
өнөөдөр эргэн дурсахад сайхан байдаг болов уу?
-Баярлалаа. 2016 оноос хойш энэ мэргэжлээр ажиллаж байна. Анх 2015 онд Германд ирж байлаа. Гэр бүлийнхээ хүнтэй Бранденбург мужаар аялж явахдаа их гоё цэмцгэр, дулаахан том цагаан байшин нүдэнд туссан учраас ханиасаа байшингийн тухай асууж, настайчуудын асрамжийн газар болохыг мэдсэн. Яагаад ч юм орж үзэхийг үнэхээр их хүссэн. Хүслээ ч биелүүлж дотор нь ороход тэнд байгаа хөгшчүүлийн өдрийн цайны цаг нь таарав. Намайг хамт суухыг урьж, би ч хүсэлтийг нь хүлээн авсан. Гэтэл “Та их бурханлаг хүн юм. Үнэхээр гэрэлтэж байна. Та өдөр бүр ирж чадах уу” гэх мэтээр асууж, зарим нь бүр их л сэтгэл нь хөдөлж нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан. Энэ нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Магадгүй бурхны дуудлага, нүглээ наминчлах маш том боломж гэж би харсан даа. Ингээд ажилд орох шалгалтад орж, нэг сар дадлага хийж, тухайн асрамжийн газарт асрагчаар ажиллах боломж олдсон. Асрамжийн газрын удирдлагууд ч надад маш найрсаг хандаж байлаа. Шалгалтад тэнцсэний дараа Монголдоо ирэхэд сувилагчийн замналаа эхлүүлэх боломжийг нөхөр маань тавьсан байсан.
-Яг яаж. Та одоо Германы
нэр хүндтэй эмнэлэгт ажиллаж байна. Энэ эмнэлэгт анх хэрхэн холбогдож байв?
-Би Улаан загалмайн нийгэмлэгийн харьяа асрамжийн газарт ажиллахаар шийдсэн байсан. Гэтэл гэр бүлийн хүн маань намайг Монголд байх хойгуур “Vivantes-Charite” эрүүл мэндийн концернтой холбогдож, сургалтын төвд нь бүртгүүлсэн юм билээ. Би Монголд хоёр сургууль төгссөн, магистр зэрэгтэй учраас хүмүүс нь гайхсан гэсэн. “Ийм өндөр боловсролтой хүн хөгшчүүлийн асрамжийн газар ажиллана гэдэг юу гэсэн үг вэ. Өндөр боловсролтой юм чинь нэгмөсөн сувилагчаар сурга. Өөрт нь хэрэгтэй” гэж зөвлөсөн юм билээ. Товчхондоо бол ханийн маань сонголт гэх үү дээ. Германд сувилагчаар суралцаж төгсөнө гэдэг эмчийн дайтай мэргэжил эзэмшиж байна гэсэн үг. Мэдээж хичээл хүнд, ачаалалтай ихтэй байсан ч би амжилттай суралцаж төгссөн. Сайн төгссөн учраас эмнэлгээс маань урилга өгч, өнөөдөр эндээ ажиллаж байна даа.
-Гадаадад
ажиллаж буй монгол сувилагч нартай холбоотой байдаг уу?
-Берлинд ажилладаг хоёр, гурван сувилагч бий. Гэхдээ тэдэнтэй уулзаж чадаагүй л явна. Яваандаа уулзаж, туршлага солилцох хүсэлтэй байдаг. Би ээлжийн ажилтай, дээрээс нь бага насны хоёр хүүхэдтэй учраас тэр бүр хүмүүстэй уулзаад явах цаг зав гардаггүй. Ер нь ээлжийн ажил хүнийг зав муутай болгодог юм шиг байна.
-Германд
сувилагчаар ажиллахад орчин нөхцөл, нийгмийн хангамжийн хувьд онцлог талууд нь
юу байдаг вэ, сонирхуулж болох уу?
-Монголд сувилагчаар ажиллахын давуу тал нь зөвхөн эмчилгээнд цаг зарцуулдаг. Асаргааны ажлыг тусдаа хүн хийдэг шүү дээ. Энэ бол тухайн сувилагч мэргэжилдээ улам сайжрах том давуу тал гэж боддог. Гэтэл Германд асаргаанд илүү цаг зарцуулах тохиолдол гарна. Германд сүүлийн жилүүдэд хүн хүчний дутагдал ихэссэн. Тэр утгаараа сувилагч, асрагчийн ажлыг давхар хийх тохиолдол байдаг. Ялангуяа асаргаа, сувилгаа тал дээр өндөр түвшинд бэлтгэгддэг. Тэгэхээр тийм амар биш гэсэн үг. Тэр хэрээрээ цалин хангамж нь өндөр байдаг л даа. Миний хувьд зав чөлөө гарвал аялах дуртай учраас хэрэглээнээс илүү гарснаар нь аялж, бас хуримтлуулж чадаж байна.
-Мэргэжлийн
тань хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Нэг өвчтөнд тариа хийгээд гарах, нөгөөд нь хоолыг өгөх, нүүрийг нь угаах зэргээр хүний зүрх сэтгэлд хүрч ажиллах ёстой мэргэжил бол сувилагч юм. Өвчтөнүүдээсээ “Баярлалаа”, “Бурхан чамайг ивээг” гэх мэт үг сонсох сайхан. Ямар их хувь заяагаар энэ мэргэжилтэй учран золгов гэж өөртөө болон ханьдаа баярладаг даа. Бусдад тусална, энэрнэ гэдэг нь их том хувь тохиол юм. Германд сувилагчийг маш их хүндэлж, дээдэлдэг. Ийм хүндлэл хүлээж байгаа хүн ажлаасаа эрч хүч, энерги авахаас яах вэ. Миний бодлоор сувилагчийн ажлыг сэтгэлийн тэнхээтэй, эерэг сэтгэлтэй хүн л хийж чадна.
-Таныг энэ
эмнэлэгт ажиллах хугацаанд монгол иргэд үйлчлүүлж байв уу. Тэдний хувьд бөөн
баяр болно биз?
-Гурван хүнтэй таарсан шүү. Маш элгэмсэг, дотноор хүлээж авч байлаа. Хамаатан садан маань ирсэн юм шиг л санагддаг юм билээ. Тэдэндээ аль болох тусалж, илүү түвшинд үйлчлэхийг хичээдэг. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд нь монгол хүнийхээ хувьд өөриймсөг хандах нь миний үүрэг гэж бодогдоод байдаг юм билээ. Гэхдээ монголчууд маань зөвхөн надаас үйлчилгээ аваад зогсохгүй надад хүртэл зөвлөгөө өгдөг. Тийм болохоор монгол хүнтэй уулзахаар гэрийнхэнтэйгээ уулзсан мэт мэдрэмж төрдөг юм билээ.
-Сувилагч
нарын ажлыг юу хүнд болгодог вэ?
-Мэдээж энэ олон жилийн хугацаанд олон зүйлтэй нүүр тулгарч явлаа. Коронагийн үед үнэхээр их ачаалалтай байсан. Гэр бүлдээ ч тухтай цаг зарцуулж чадахгүй явсан шүү дээ. Эмнэлэгт янз бүрийн өвчтөн ирнэ. Сүүлийн жилүүдэд л гэхэд Европ хүмүүс маш өндөр насалж байна. Тэр хэрээр зөнөх, солиорох өвчин ихсэх хандлагатай байна. Хөндлөнгөөс харахад аз жаргалтай юм шиг хэрнээ европчууд бухимдал, сэтгэл гутралаас эхлээд олон төрлийн өвчтэй болж байна. Эмнэлэгт ийм хүмүүс их ханддаг. Энэ бүхэн нь бидний сэтгэлд хүнд тусдаг. Заримдаа ажлаасаа гараад гэр бүлтэйгээ амар жимэр амьдрахыг хүссэн ч талархсан, баярласан өвчтөнүүдээсээ эрч хүч авах нь сайхан юм даа.
-Энэ
мэргэжлийн эзэмшсэнээс хойш таны амьдралдаа авсан хамгийн том "шагнал" юу
вэ?
-Германы анхны коронагийн голомтод ажилласан сувилагч нар хэмээн биднийг “Баатрууд” гэж хүлээн авч байсан. Тэр бол сэтгэл зүйн хувьд амьдралдаа авсан хамгийн том шагнал юм. Гэхдээ өдөр тутам авдаг талархлаас илүү том шагнал гэж юу байх вэ. Миний ажлын сайхан нь энэ юм. Сувилагч гэдгээ хэлэхэд л хүн бүр “Таны өмнө мэхийн ёсолъё. Та бол баатар юм” гэж хэлдэг. Энэ бол миний амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан үг юм.
-Есөн жилийн
турш сувилагчийн хувцас өмсөж, эмнэлгийн эм тариа үнэртсэн орчинд байж иржээ,
та. Энэ бол яах аргагүй ажил мэргэжлээсээ шалтгаалан таны байх ёстой орчин.
Гэхдээ чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг вэ?
-Амралтын өдрөө хамгийн гоё ганган хувцсаа өмсөж, өндөр өсгийтөө углаад, уруулаа час улаанаар будаад жүжиг үзэхээр явдаг. Нөхөртэйгөө жүжиг их үзнэ. Янз бүрийн төрөл жанрын жүжиг, шоу үзэх нь ажлын стресс тайлах чухал хэрэгсэл юм. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө амттай хоол идэх нь хүртэл маш гоё амралт болдог. Аялалд гарах бол миний амьдралын нэг хэсэг. Би завгүй гээд л яваад байж болохгүй шүү дээ.
-Ярилцлагынхаа
сүүлийн хормыг танд үлдээе. Мэргэжил нэгтнүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Баярлалаа. Энэ сайхан өдөр намайг онцолж ярилцсан МОНЦАМЭ агентлагийнхаа хамт олонд талархал илэрхийлье. Монголд болж буй үйл явдлын мэдээллээ танайхаас хардаг учраас “Та нар бол Монголын толь шүү” гэж хэлмээр байна. Сувилагч нартаа хандаж хэлэхэд хэчнээн завгүй, ачаалал ихтэй байсан ч ажлын дараа багадаа 30 минутыг заавал өөртөө зарцуулж байгаарай. Өөрийгөө тайвшруулах арга барилд сайн суралцаарай гэж хэлье.