ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул ААШТ-ий тэргүүлэгчдийн эгнээнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-12 15:10:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Тус тэмцээнд 34 орны нийт 262 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний таван өргийн дараа эрэгтэйчүүдийг Ираны их мастер Бардияа Данишвар, Энэтхэгийн их мастер Мурали Картикиян нар тэргүүлж байна. Тэгвэл манай улсаас оролцож буй олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор 51, С.Ган-Эрдэнэ 2.5 оноогоор 78 дугаарт явна. Харин эмэгтэйчүүдийг Энэтхэгийн их мастер Сешадри Срижа, ОХУ-ын олон улсын мастер Анастасия Боднарук, Монголын ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул нар 4.5 оноогоор тэргүүлж эхэллээ. Б.Мөнгөнзулын хувьд дөрвөн өрөг дараалан хожсон ч тав дахь өрөгтөө Анастасия Боднаруктай тэнцсэн байна. Үүнээс гадна одоогоор их мастер Б.Мөнгөнтуул 9, кандитат мастер Х.Баясгалан 23 дугаарт байрт жагссан нь манайхны хамгийн өндөр амжилт аж. Тэмцээний зургаа дахь өрөг Улаанбаатарын цагаар өнөөдөр орой 19:00 цагт эхэлнэ.


Түүнчлэн өчигдөр блицийн ААШТ тэмцээн болоход манай шатарчин Х.Баясгалан гурав дахь өрөгтөө их мастер Катарина Лагног хожиж шуугиан тарьжээ. Блиц Монголын эрэгтэй шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 42 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болов. Харин эмэгтэйчүүдээс кандитат мастер Х.Баясгалан 6.5 оноогоор зургаадугаар байр эзэлсэн бол их мастер Д.Номин-Эрдэнэ 14, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул 19, их мастер Ү.Үүрцайх 26, кандитат мастер Б.Буянхишиг 29, ФИДЕ мастер Э.Энхрий 31, кандитат мастер Э.Эмүжин 33, их мастер Б.Мөнгөнтуул 41, Т.Мөнхзул 49 дүгээрт шалгарчээ.


Сонирхуулахад, Монголын шатарчид тус тэмцээнээс нийт хоёр хүрэл медальтай бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар шагналын тавцанд гарч байв. 

























 

 

Related news