ЗАВХАН: Хүүхэд байхдаа бичиж байсан шүлэг нь 60 жилийн дараа дуу болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-12 15:51:28

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ахмад зохиолч Т.Гочоогийн сурагч насандаа бичиж байсан “Ботго” шүлэг 60 жилийн дараа дуу болжээ.


“5 дугаар сарын 10-ны өдөр миний сайн танил дүү хөгжмийн зохиолч П.Ганбат намайг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн ордондоо урьсан юм. Учир нь тэр, хүүхдүүдийнхээ хамт хичээлийн жилийнхээ тайлант тоглолтоо хийх байв. Энэ тайлан тоглолтод нь миний сурагч ахуйдаа зохиож "Пионерын үнэн" сонинд хэвлүүлж байсан “Ботго” шүлэгт өөрөө ая хийж “Ботго” дуугаа дуулуулах болсонтой холбоотой юм санж. 61 жилийн дараа шүлэг минь дуу болсныг сонсох сайхан байлаа” гэж ахмад зохиолч Т.Гочоо ярилаа.


Энэ дуу бүтсэн түүх их сонин. 1964 онд Завхан аймгийн Улиастай хотын 2-р сургуульд дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан зочилж манай утга зохиолын дугуйлангийн хүүхдүүдтэй уулзаж "Татрын уул" гэх шүлгээ уншиж өгөөд, дараа нь хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгээ их найрагчид уншиж өгсөн юм. Манай багш Ж.Алтангэрэл намайг шүлгээсээ уншиж үзүүл гэхэд нь өөрийн зохиосон “Ботго”, “Унага” гэх хоёр шүлгээ уншвал, Явуухулан ах намайг хэд хэдэн шүлгээ хуулаад өг гэлээ. Санаанд ч орсонгүй багшийнхаа зааж өгсөн 5 шүлгийг яаралтай хуулаад багшаараа дамжуулж найрагчид өгсөн юм.


Тун удалгүй 1965 оны хавар "Пионерын үнэн" сонинд миний "Ботго", "Унага" гэх хоёр шүлэг хэвлэгдсэн бөгөөд Явуу найрагч бага зэрэг засвар оруулсан байж билээ. Тэгээд би ч шүлэг гэхээ больж хааяахан сэтгэл хөдөлсөн үедээ ганц нэгхэнийг биччихдэг байлаа.

...2007 онд Налайхад нэг сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хуучин бичиг цаасаа үзэж байгаад өөрийнхөө бичсэн хэд гурван шүлгээ олж, уншиж үзээд өөрийгөө тоож шүлэг бичихэд цаг гаргадаг болсноор хэд хэдэн шүлгийн түүврээ ч хэвлүүлээд байна. Яруу найргийн уралдаан тэмцээнүүдэд оролцож бас ч хоосонгүй байв. Хүүхэд байхдаа бичиж байсан анхны шүлгээ л олж авах юм сан гэж бодож явсаар, Улсын Төв номын сан орж учраа хэлбэл миний шүлгүүд байж л байв. Ингээд тэр шүлгээ 2023 онд хөгжмийн зохиолчид өгснөөр бичигдсэнээсээ хойш яг 60 жилийн дараа дуу болж анх тайзан дээр дуулагдсан нь энэ юм. Гэхдээ энэ дууг П.Ганбат багш 2024 онд Ухаанзаяа гэж шавиараа дуулуулаад youtube-д байршуулчихсан байсан л даа. Бүтэх ёстой л дуу байж хэмээн ахмад зохиолч ярилаа.


Ахмад зохиолч Т.Гочоогийн анхны шүлгүүд "Пионерын үнэн" сонинд 1965 онд хэвлэгдсэнийг сонирхуулъя.


БОТГО

Ботго оо битгий буйл

Эхийгээ санаад байгаа юм уу

Боль доо чамайг харахаар

Ээжийгээ санаад байх юм, би

Ботго чиний буйлах чинь

Уйлах шиг санагдаад байна

Болихгүй бол чинь би

Уйлчих гээд байх юм

Ирнэ дээ, ээж чинь ирнэ

Идэж цадаад мөөмөндөө сүүтэй

Ирэхийнх хооронд нь чи ингэж

Енгэнэтэл буйлаад яах вэ дээ

1964 он.

УНАГА

Өглөө ороолох унага

Эхийгээ тойроод хөөрхөн

Орой тавигдсан унага

Ижлийнхээ хойноос хурдан

Зэлний нялх унага

Үүрэглэн алдах нь өхөөрдөм

Зэргэлдээх унагаа янцгаахад

Үргэж цочих нь хөөрхөн

Өдөржин уяатай унага

Ундаасаж цангаа болов уу

Өөрийнхөө саамаас илүүчилсэн

Унага чамдаа баярлалаа

1964 он. Завхан аймгийн Улиастай хотын 7 жилийн дунд сургуулийн 5а ангийн сурагч Т.Гочоо

Related news