ЗАВХАН: Монгол бөхөнг хамгаалах талаар цахим орчинд нөлөөллийн ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-12 16:17:12

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын тал дахь бөхөнгийн сүрэг 200 гаруй толгой болжээ.


Монгол бөхөнгийн тархцын 60 орчим хувь нь Говь-Алтай аймагт байдаг бол 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байна. Мөн Завхан, Увс аймгийн нутгаар бөхөн нутагшиж байгаа юм.


Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд бөхөн 2010 оноос эхлэн үзэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар тоо толгой нь 200 гаруй болжээ.


30 шахам жилийн хамгааллын тасралтгүй үйл ажиллагаа үр дүнгээ өгч 2024 онд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар монгол бөхөнгийн тоо 23215 хүрч өсжээ.  Дэлхийд, зөвхөн Монголд байдаг бөхөнг хамгаалах, түүний эвэр зэрэг эд эрхтнийг худалдах гэмт хэргийг бууруулахад Завхан аймаг 2023 оноос эхлэн онцгой анхаарч ажиллаж байна.


Монгол бөхөнг амьтны ангийн хуульд нэн ховор амьтнаар, Дэлхийн улаан ном, Зэрлэг амьтан, ургамал худалдах тухай олон улсын конвенцод хавсралтаар, мөн дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад оруулж, өндөр статусаар хамгаалсан.


Хуулиар агнахыг хориглодог. Монгол бөхөнд тулгараад байгаа томоохон аюул занал бол хууль бус агнуур юм. Эр бөхөнгийн эврийг дорно дахины анагаах ухаанд хэрэглэх зорилгоор хууль бусаар агнадаг байна. Зөвхөн эр бөхөнд эвэр ургадаг. Эврийг нь түүж агнана гэдэг тухайн сүргийн бүтцийг алдагдуулах, шаргачин сувайрах эрсдэлийг бий болгож байгаа аж. Хууль бусаар ан хийсэн тохиолдолд экологийн эдийн засгийн үнэлгээгээр хуулийн дагуу шийтгэл хүлээлгэдэг.


Завхан аймгийн тухайд бөхөнгийн эвэр цуглуулах болон худалдах асуудлыг холбогдох бүх шатны мэргэжлийн байгууллагууд хамтран таслан зогсоох зорилгоор төсөлтэй хамтран ажилласан байна. Юун түрүүнд бөхөнгийн талаарх хууль эрх зүйн зүйл заалтуудыг иргэдэд сурталчлах, ялангуяа цахим орчин болон олон нийтийн сүлжээнд энэ төрлийн зар, сурталчилгааг хянах, мөрдөх ажлыг зохион байгуулж байна.


Түүнчлэн бөхөнгийн идээшиж буй нутаг, амьдрах орчныг сайжруулах, халдварт өвчний эрсдэлийг бууруулах, тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, хамгаалахад байгаль орчны болон бусад мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулан ажиллаж байна.


Монголын говь тачир сийрэг ургамалтай, усаар ядмаг, зундаа аагим халуун, өвөлдөө тэсгим хүйтэн хатуу ширүүн уур амьсгалтай. Ийм хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож, цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан бол монгол бөхөн.


Хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр монгол бөхөн тархац нутгаа тэлж байна. Бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, монгол бөхөн одоо ч олон эрсдэл дунд амьдарсан хэвээр. Хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.


Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяц үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид үзэж байна.


Тиймээс хамгааллын цогц ажлыг орон нутагтаа тасралтгүй үргэлжлүүлэн хийж, дэлхийд ганцхан монгол бөхөнгөө хамгаалахыг уриалж, цахим орчинд хүүхэд залуучууд, иргэдэд зориулсан мэдлэг ойлголт өгөх нөлөөллийн ажлыг бид хийж байгаа талаар аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн пэйж

Related news