СҮХБААТАР: Энэ онд 342 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд аймгийн хэмжээнд 342 мянган мод нэмж тарина. Мод тарих үндэсний өдрүүд үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд сум бүрд энэ ажил эрчимжиж, мод, бут сөөгийг шинээр тарьж байна.
Аймгийн БОГ-аас энэ онд мод тарих ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд илүү анхаарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын ЗДТГ-аас сумынхаа өрх бүрд таван ширхэг мөнгөлөг улиас модны суулгацыг үнэгүй олгохоор болжээ. Гагцхүү модныхоо нүхийг ухаж, бэлтгэсэн өрхөд дээрх суулгацаа олгох бөгөөд тарьж суулгах, арчилж тордоход нь үргэлжлүүлэн хяналт тавих юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гаргийг мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт иргэн бүр идэвхтэй оролцож, ач холбогдлыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг иргэн, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриаллаа.
Сүхбаатар аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 10 сая мод тарих үүрэгтэй бөгөөд өнгөрсөн онд
397 мянган мод тарьжээ.