Алдарт дасгалжуулагч Анчелотти Бразилын шигшээг удирдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БУЭНОС-АЙРЕС, 2025 оны тавдугаар сарын 13 /ТАСС/. Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Италийн иргэн Карло Анчелотти ажиллана гэж Бразилын хөл бөмбөгийн холбоо мэдээллээ.
Итали дасгалжуулагчтай байгуулах гэрээ
2026 оны ДАШТ дуустал хүчинтэй байх ажээ. Бразилын хөл бөмбөгийн түүхэнд тус
улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хоёр дахь гадаадын иргэн бол
Анчелотти бөгөөд өмнө нь 1965 онд Аргентины иргэн Фильпо Нуньес энэ ажлыг
гүйцэтгэж байв.
“К.Анчелотти Бразилын шигшээг
удирдахаар болсон нь стратегийн алхмаас ч илүү том шийдэл юм. Энэ бол бид шагналын
тавцангийн тэргүүн байранд дахин зогсох шийдвэр төгс байна гэдгээ дэлхий дахинд
зарлан мэдэгдэж буй хэрэг. Анчелотти бол түүхэн дэх аугаа их дасгалжуулагч,
тэрбээр одоо дэлхийн аугаа их шигшээ багийг удирдах болно. Бид хамтдаа Бразилын
хөл бөмбөгт алдрын шинэ хуудсуудыг нээх болно” гэж Бразилын хөл бөмбөгийн
холбооны ерөнхийлөгч Эднальдо Родригес хэллээ.
Өмнө нь мэдээлснээр, Доривал
Жуниор гуравдугаар сард Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан
тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сараас хойш тус багийг
удирдсан бөгөөд бразилчууд ДАШТ-ий урьдчилан шалгаруулах шатны тэмцээний 14
тоглолтын дараах байдлаар 21 оноо авч дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Харин Анчелотти одоогоор “Реал
Мадрид”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 25-нд
болох Италийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тойргийн “Реал Мадрид”, "Реал
Сосьедад" багуудын тоглолтын дараа ажлаасаа чөлөөлөгдөх ажээ.
Анчелоттигийн амжилтууд
Тэрбээр “Реал Мадрид”-ыг
2013-2015 онуудад дасгалжуулж байгаад 2021 онд эргэн ирсэн юм. Энэ хугацаанд
тус баг Испанийн АШТ, Испанийн Цом, Испанийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д тус
бүр хоёр удаа түрүүлж, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд тус бүр
3 удаа аваргалжээ. Анчелотти бол Европын таван улсын аварга шалгаруулах
тэмцээнд багаа түрүүлүүлсэн түүхэн дэх анхны дасгалжуулагч юм. Мөн Аваргуудын
лигийн тэмцээнд түүний удирдсан багууд 5 удаа түрүүлж байжээ.
Түүний удирдлага дор Английн “Челси”, Германы “Бавариа”, Италийн “Милан”, Францын ПСЖ багууд улсын аваргаар шалгарсан бол “Милан” баг Аваргуудын лигийн ба УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд тус бүр 2 удаа, клубүүдийн ДАШТ, Италийн цом ба Супер цомын тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлж байв. Мөн “Челси” баг Английн цом ба Супер цомд түрүүлсэн бол “Бавариа” баг Германы Супер цомыг 2 удаа хүртэж, Италийн “Ювентус” баг Интертото цомын тэмцээнд аваргалж байв.
Өдгөө 65 настай Анчелотти УЕФА-гийн
2022 оны шилдэг дасгалжуулагч, ФИФА-гийн 2024 оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байв.
Түүний нэрийг Италийн хөл бөмбөгийн ба “Милан”, “Рома” багуудын алдрын
танхимуудад мөнхөлжээ.