Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-13 12:27:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо энэ улирлаас бөхчүүдийн амжилтад чансааны оноо бодож эхэлсэн.


Намрын нээлтээс хойш өнөөдрийг хүртэл 30 барилдаан зохион байгуулж, чансаанд 500 бөх эрэмбэлэгджээ. Хамгийн сүүлд энэ сарын 11-нд зохион байгуулсан арслан цолны хүндэтгэлийн барилдаанд гурав давж, 300 оноо авсан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий чансааг анх удаа тэргүүлж эхэллээ. Түүний хувьд 30 барилдаанаас 21-т нь зодоглож, есөн барилдаан өнжихдөө 9150 оноо цуглуулжээ. Ингэхдээ хоёр түрүүлж, нэг үзүүрлэснээс гадна таван удаа их шөвөгт, дөрвөн удаа наймд шалгарсан байна.


Тэгвэл Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор дэд байр руу дэвшив. Харин дөрөвдүгээр сарын 26-наас хойш өргөөнд барилдаагүй улсын аварга О.Хангай дөрвөн долоо хоногийн турш хадгалсан тэргүүн байраа алдлаа. Тэрбээр тэргүүлэгчийн байрлалаа хоёр дахь удаагаа алдаж байгаа нь энэ. Өмнө нь улсын заан М.Лхагвагэрэлд, энэ удаа Б.Бат-Өлзий түүний оронд залрав. Улсын начин Ч.Батчулуун 8200, заан М.Лхагвагэрэл 7950 оноогоор эхний тавд багтаж байна. М.Лхагвагэрэл зааны тухайд дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш барилдаанд оролцоогүй. Учир нь, шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд өдгөө Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.


Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, заан Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар цуглуулсан оноогоороо шилдэг 10-т багтаж байна. 

Related news