ХӨВСГӨЛ: Даль цэцгийн баярыг 7000 орчим хүн зорин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Даль цэцгийн баяр боллоо.
Даль цэцгийн баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж буй учраас орон нутаг тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгон өргөжүүлж байна.
Энэ жил Даль цэцгийн баярыг 7000 орчим иргэн зорин иржээ. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, малчдын бэлтгэсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа хамгийн их эрэлттэй, борлуулалт сайн байлаа.
Мөн аялагч иргэдийн дунд элсний волейболын тэмцээн, АХА, дууны тэмцээн зэрэг олон хөгжөөнт тэмцээн наадам зохион байгуулж, орой нь уран бүтээлчдийн тоглолт боллоо.
Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм. Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай.
Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг.
Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.