АНУ-ын оролцоотой консорциум байгуулахыг Иран улс санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-14 14:57:05

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 14 /NYT/. Уран баяжуулах зорилгоор Ойрх Дорнодын улсуудтай хамтарсан консорциум байгуулах, уг консорциумд АНУ-ын хөрөнгө оруулалтыг татан оролцуулахыг Ираны эрх баригчид санал болгосон тухай "The New York Times" сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.


Ийм консорциум байгуулснаар Иран улс ураныг 3.67 хувь хүртэл баяжуулсны дараа иргэний зориулалтаар Арабын орнуудад нийлүүлэх боломжтой болох юм. Ираны саналын дагуу цөмийн байгууламжуудад АНУ-ын шинжээчид, олон улсын ажиглагчид хяналт тавина. 2015 оны гэрээнээс ялгаатай нь 15 жилээр хязгаарлагдахгүй аж.


"The New York Times" сонины эх сурвалжуудын ярьснаар, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи дээрх саналыг тусгасан төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткоффт тавдугаар сарын 11-ний ням гарагт Оман улсад танилцуулсан байна. Ираны эрх баригчид уг төлөвлөгөөг цөмийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоох АНУ-ын засаг захиргааны шаардлагын оронд хэрэгжүүлж болох хувилбар гэж үзэж байгаа аж. NYT-ын эх сурвалжуудын хэлснээр, консорциумд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс оролцож магадгүй байна. 


Иран-Америкийн яриа хэлэлцээний дөрөв дэх удаагийн уулзалт тавдугаар сарын 11-нд Оман улсад болсон байна. Арагчи уг уулзалтыг "амаргүй болсон боловч  харилцан ойлголцолд хүрэхэд ойртуулсан" гэж дүгнэжээ. 

Related news