Хятад улс “Boeing” онгоцны нийлүүлэлтэд тавьсан хоригоо цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 15 /Bloomberg/. АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээнд ахиц гарч, талууд татварыг түр бууруулахаар тохиролцсоны дараа Хятад улс “Boeing” компанийн нисэх онгоцыг хүлээн авах тал дээр агаарын тээврийн компаниудад тавьсан нэг сарын хязгаарлалтаа цуцалсан тухай Bloomberg агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжуудын
мэдээлснээр, Хятадын албаны хүмүүс АНУ-д үйлдвэрлэсэн онгоцны нийлүүлэлтийг үргэлжлүүлэх
боломжтой гэдгийг агаарын тээврийн компаниуд болон засгийн газрын агентлагуудад
мэдээлж эхэлсэн байна. Түүнчлэн
агаарын тээврийн компаниудад
өөрсдийн хуваарь, нөхцөлийн
дагуу худалдан авах эрхийг олгожээ.
Америкийн тал
Хятадын ихэнх бараанд ногдуулаад буй
145 хувийн татвараа 90 хоногийн хугацаанд 30 хувь хүртэл бууруулж, Хятадын тал 125 хувийн татварыг 10 хувь
болгохоор тохиролцсоны дараа дээр дурдсан хязгаарлалтыг зөөлрүүлж байна. Хоёр улсын засгийн газар “тогтвортой,
урт хугацааны, харилцан ашигтай” худалдааны харилцааг чухалчилж байгааг хамтарсан
мэдэгдэлд дурджээ.
Худалдааны томоохон түншүүддээ татвар ногдуулах АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийн хариуд Хятадын тал хариу арга хэмжээ авсны дараа “Boeing” хүнд байдалд орсон юм. Хятадын эрх баригчид “Boeing”-ийн онгоцыг худалдан авахаа зогсоохыг агаарын тээврийн компаниудаас дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шаарджээ. Харин нийлүүлэлтийг сэргээсэн нь дэлхийн агаарын тээврийн хамгийн том зах зээлийн нэг болох Хятад дахь “Boeing”-ийн бизнесийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.