ӨВӨРХАНГАЙ: Волейболын насанд хүрэгчдийн УАШТ-ийг “Хилчин барс", “Дархан могулс” баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 12-18-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгууллаа.
Тэмцээнд 23 багийн 280 тамирчин оролцож, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдсөнөөс ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин барс" баг эрэгтэйчүүдийн ангиллын, ОУХМ А.Батжаргал ахлагчтай “Дархан могулс” баг эмэгтэйчүүдийн ангиллын алтан медалийг тус тус хүртлээ.
Эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхсайхан ахлагчтай "Энержи ресурс" ХХК-ийн “Өмнөговь энержи”, Ц.Мөнх-Оргил ахлагчтай “Минтонетт говь” клубийн “Минтонетт” баг, эмэгтэйчүүдээс А.Уянга ахлагчтай Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин”, спортын дэд мастер Э.Даваахүү ахлагчтай “Хөвсгөл Долоон Од” баг тус тус мөнгө, хүрэл медалийн болзол хангасан юм.
Мөн эрэгтэйчүүдээс “Хилчин-барс” багийн тамирчин ОУХМ А.Мөнхбаяр, эмэгтэйчүүдээс “Дархан могулс” багийн тамирчин Г.Энхсайхан нар “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан бол “Шилдэг довтлогч”, “Шилдэг холбогч”, “Шилдэг давуулагч”, “Шилдэг хамгаалагч”, “Шилдэг хаагч”-аар тус бүр нэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийг шалгаруулан шагналаа.
Шилдэг шүүгчээр МВХ-ны улсын шүүгч С.Наранбаяр, Шилдэг дасгалжуулагчаар “Хилчин-барс” багийн дасгалжуулагч СДМ Г.Төгөлдөр, Монгол Улсын Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Хэрлэн нар шалгарсан байна.