Британийн гүйлтийн тамирчин Австрали тивийг 35 хоногт туулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-20 11:57:28

КАНБЕРРА, 2025 оны тавдугаар сарын 20 /BBC/. Их Британийн хэт холын зайн гүйлтийн тамирчин Уильям Гүүж Австралийг 35 хоногт гүйж туулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.


Өдгөө 31 настай тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд Австралийн Перт хотын "Коттеслоу" наранд шарлагын газраас 3800 км үргэлжлэх аяллаа эхэлж, орон нутгийн цагаар даваа гаргийн үдээс хойш алдарт Бонди далайн эрэгт аавтайгаа хамт барианд орсон байна.


Английн Бедфордшир гүнлэгээс гаралтай У.Гүүж өдөр бүр хоёр бүтэн, нэг хагас марафонтой тэнцэх зайг буюу 100 орчим км замыг гүйж туулдаг байжээ. 2018 онд ээж Аманда нь хорт хавдраар нас барсны дараа марафонд гүйж эхэлсэн тэрбээр энэ удаагийн гүйлтээрээ Их Британи, АНУ, Австралийн хорт хавдрын буяны байгууллагуудад хандив цуглуулсан байна.


Өмнө нь Австралийг хамгийн богино хугацаанд гүйж туулсан дэлхийн дээд амжилтыг 2023 онд 39 хоногийн дотор туулсан Крис Тернбулл эзэмшиж байсан бол түүнээс нэг жилийн өмнө Австралийн цахилгаанчин Недд Брокманн 47 хоногийн дотор туулахдаа буяны үйлсэд олон сая долларын хандивыг цуглуулж байв.


У.Гүүж Sydney Morning Herald сонинд ярилцлага өгөхдөө, эхний есөн өдөр маш хүнд  байсан боловч тэвчээртэй байж, үүнийг даван туулж чадна хэмээн өөрийгөө дайчилж байснаа онцолжээ. Барианд орсныхоо дараа тэрбээр талийгаач ээжийнхээ дурсгалд зориулж Бондигийн алдарт эргийн шугам дээр цэцгийн баглаа тавьсан байна. Тэрбээр аяллынхаа явцад ээж нь хорт хавдартай хэрхэн тэмцэж байсан талаар бодож байснаа дурсаад, ингэх нь өөрийн өвчин шаналлыг анзаарахгүй байхад тусалсан гэлээ.


У.Гүүж мөн Лос-Анжелесаас Нью-Йорк хүртэл 55 хоногийн дотор гүйснээр АНУ-ыг хамгийн богино хугацаанд гүйж туулсан дээд амжилтыг тогтоожээ.

 


Related news