“Улаанбаатар марафон-2025”-д Кени, Этиоп, Япон, ОХУ-ын мэргэжлийн тамирчид уралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-23 12:12:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлт маргааш буюу энэ сарын 24-ний бямба гарагт болно. 


2014 оноос эхлэлтэй энэхүү олон улсын уралдаанд 30 мянга орчим гүйгч оролцохоор бүртгүүлээд байна. 0.5, 0.8, 1.5, 5.0, 10, 21, 42 км-ийн зайд болох энэхүү уралдаанд сонирхогчдоос гадна дотоод, гадаадын мэргэжлийн тамирчид оролцохоор мэдүүлэг ирүүлжээ. Марафоны хамгийн хол зай буюу 42 км-т 300 гаруй тамирчин бүртгүүлсний дотор Кени, Этиоп, Япон, ОХУ-ын тамирчид багтжээ. Энэхүү марафонд урилгаар Кенийн тамирчин Андерсон Серой Сайтоти Денис Киура Мугенди, Этиопийн тамирчин Дэвайт Гелэйв Энюйв, Японы тамирчин Икемото Ай, Сүзүки Мүнетака, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна оролцож аж.


Андерсон Серойн хувьд 31 настай бөгөөд 2:11.54 цагийн үзүүлэлт дунджилдаг. Ази тивд зохион байгуулсан олон улсан марафонуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-оос мөнгөн медальтай нутаг буцаж байсан юм. Харин Денис Киурагийн хувьд хамгийн сүүлд Вьетамны Хо Ши Мин хотод болсон олон улсын марафонд түрүүлсэн юм.


Марафон гүйлтэд оролцох тамирчдыг төрөл тус бүрээр нэг шугамд оруулж, гүйхийн өмнө нэгдсэн дасгал хийснээр гараанаас гарах тул гүйгчдийг цагаасаа эрт цуглахыг уриалж байна. 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урд талбайгаас гараанаас зэрэг гарах юм. Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.


Уралдааны 10, 21, 42 км-т эхний 10, таван км-т эхний тав, бусад зайд эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналаар шагнах аж. 

Related news