32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-23 15:44:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх авто замыг шинэчилж байна.


Уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтай барьж буй. Авто замын ажлыг "Баянцогт зам" компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа аж. 


Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ярихдаа, “32-ын тойргийн “Номин” дэлгүүрээс хойшоо чиглэлд Долоон буудал хүртэлх авто замын ойролцоо олон худалдаа, үйлчилгээний төв байдаг учир ачаалал ихтэй байдаг. Тиймээс хоёр эгнээ туслах замыг барьж байна. Аль болох түгжрэл үүсгэхгүйн тулд орц, гарц багатайгаар, авто машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах үүднээс гүйцэтгэгч компанитайгаа хамтран ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компанийн ажил гүйцэтгэх гэрээ ирэх сарын 30-нд дуусах учир зургаадугаар сарын 2-нд авто замын зорчих хөдөлгөөнийг нээнэ” гэв. 


Тэгвэл "Баянцогт зам"  компанийн ерөнхий инженер Э.Баянмөнх ярихдаа, “Манай компани 2024 оны есдүгээр сарын 6-нд төслийг хүлээн авч тухайн сараас далд ажлуудыг бүрэн гүйцэтгэж, асфальт бетон хучилтыг эхлүүлсэн. Үйлчилгээний төв, авто машины хөдөлгөөн ихтэй байршил учраас талбайг бүрэн чөлөөлөх боломжгүй байсан нь ажил хийх хурдад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бид хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна авто зам дээр 280 метр урт борооны ус зайлуулах шугам хоолой, 14 шүүрт худгийг суурилуулж байна” гэлээ.


Авто замыг шинэчлэх хугацаандаа ажилчдын болон явган зорчигчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтууд тавих аж.


Мөн явган хүний замын төлөвлөсөн трасс дагуу таарсан гэрлийн шон, зарлалын самбар зэрэг зорчих зорчих хэсэгт саад учруулсан зүйлсийг холдуулж, газрыг чөлөөлж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. 

Related news