ЗАВХАН: Хөдөөгийн багийн иргэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-27 11:15:43

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний киоск машинтай болж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой боллоо.


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг шуурхай, иргэдэд чирэгдэлгүй болгох, сум, багийн иргэдэд ойртуулах олон талын ажлын нэг нь киоск машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх юм.


Завхан аймгийн 24 сумын 7 нь киоск машинаар төрийн үйлчилгээг хүргэж байсан. Тэгвэл ирэх сарын 1-нээс эхлэн бүх суманд киоск машин төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болжээ.


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Түвшинд төрийн цахим үйлчилгээний 19 киоск машиныг гардуулан өгсөн байна. 


Киоск машинаас иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 18 төрлийн лавлагаа, иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 6 төрлийн үйлчилгээг авах боломжтой.


Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ, цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээг 7 хоногийн 24 цагаар авах боломжтой. Бүх төрлийн төлбөрийн карт ашиглан Улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөр хураамжийг ч төлөх боломжтой юм. Өмнө нь төрийн хэдхэн үйлчилгээг л авдаг байсан тус машинаас одоо иргэд бүх төрлийн нарийвчилсан лавлагаа үйлчилгээг хурууны хээгээ уншуулаад авах боломжтой болжээ.


Өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхдээ заавал иргэний бүртгэлийн ажилтнаар дамждаг байсан бол одоо энэхүү машинаар дамжуулан оршин суугаа хаягийн шилжилт хөдөлгөөнөө ч хийж болох юм гэж Завхан аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв. 


Related news