“Улаанбаатар опен” дэлхийн чансаа олгох тэмцээн маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг “Улаанбаатар опен” тэмцээн маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.
400 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнд 20 орчим орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлж, манай улсад ирээд байна. Манай улсын хувьд зохион байгуулагчийн давуу эрхээр нэг жинд тав хүртэлх тамирчнаа оролцуулах аж.
Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жингийн ангиллаар болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү чансааны оноонд үндэслэн оны шилдэг тамирчин, тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөх, олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах юм.
Монголд анх удаа болж дэлхийн чансааны оноо олгох тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 2021 онд 65 кг-ын жинд дэлхийн аварга болж байсан Оросын бөх Загир Шахиев “Улаанбаатар опен” тэмцээнд жин өгсөж 70 кг-д барилдахаар ирэв. Түүнчлэн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Ираны бөх Мохаммадали Амоузад, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Амирмохаммад Яздани, ААШТ-ий хошой мөнгөн медальт Тажикстаны Виктор Рассадин, ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын мөнгөн медальт, өсвөр, залуучуудын дэлхийн аварга Энэтхэгийн Депак Пуния, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Сонер Демиртас тэргүүтэй шилдгүүд манай улсад ирж байна. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд олимпийн хүрэл медальт Киргизстаны Жузупбеков, Европын аварга Туркийн тамирчин Керем Камал, дэлхийн аварга Бурхан Акбудак зэрэг шилдгүүд ирэх бол эмэгтэйчүүдийн ангилалд Турк, Монгол, Оросын бөхчүүдийн дунд гол өрсөлдөөн болох магадлалтай байна.
Монголд анх удаа болох тэмцээнийг С1, ТВ9, Сүлд телевизээр чөлөөт, жүдо бөхийн тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар эх орон даяар шууд дамжуулна. Хуваарийг хүргэе.