Тээврийн ухаалаг системийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх тухай санал дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-29 10:26:51

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “2025 оны Сувон ITS /тээврийн ухаалаг систем/ Ази Номхон далайн бүсийн ерөнхий хурал" БНСУ-ын Сувон хотод  энэ сарын 28-30-нд болж байна.


"ITS-ээр хэт холбосон хотууд" сэдвийн дор болж буй тус хуралд Ази Номхон далайн бүс нутгийн 30 гаруй улс орон оролцож байна. Тус хуралд Малайз, Балба, Вьетнам зэрэг 12 орны дэд сайд нар тээврийн ухаалаг системд суурилсан дижитал өөрчлөлт, хот хоорондын холболтын алсын харааг танилцуулж байгаа аж. Хурлын үндсэн зорилт нь бусад орны мэргэжилтнүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаh, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх, тээврийн ухаалаг систем буюу ITS-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаа, хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг шууд эх сурвалжаас авах боломжтой юм.


Монгол Улсаас ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцож байгаа бөгөөд энэ үеэр тэрбээр Азийн болон дэлхийн ITS хөгжлийн чиг хандлага, бодлого, стратегийн талаарх Монгол Улсаас бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх хоёр шинэ санал дэвшүүлж буйгаа танилцууллаа. Үүнд, тээврийн ухаалаг системд суурилсан, Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын даатгалын нэгдсэн систем бүрдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн платформыг бий болгох тухай хэлэлцүүлжээ. 


Монгол Улсаас бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дээрх хоёр шинэ саналыг хуралд оролцогчид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар ЗТЯ-наас мэдээлэв. 

 

Related news