ӨМНӨГОВЬ: Улсын олимпиадаас 2024, 2025 онд хамгийн олон медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-29 20:41:41

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллахаар үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна.

 

Тус аймаг улсын олимпиадаас 2024, 2025 онд хамгийн олон медаль хүртсэн түүхэн амжилтыг гаргажээ.

 

Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилийн улсын олимпиадаас Баяндалай сумын ЕБС-ийн англи хэлний багш Ж.Хишигтогтох тэргүүн байр, Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн Монгол хэл бичгийн багш Д.Тунгалагтамир дэд байр, Булган сумын ЕБС-ийн Мэдээлэл зүйн багш С.Хонгор гутгаар байр, Даланзадгад сумын тавдугаар сургуулийн 12а ангийн сурагч Т.Мөнгөнтуяа Химийн судлагдахуунаар гутгаар байр, Манлай сумын ЕБС-ийн есдүгээр ангийн хамт олон Монгол хэл бичгийн хичээлийн анги нийтийн төрөлд гутгаар байрыг тус тус хүртжээ.

 

Ийнхүү амжилт гаргасан багш, сурагчдыг Өмнөговь аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан амжилт хүсч, шагнаж урамшуулсан юм.

 

Өмнөговь аймаг 1966 оноос хойш улсын олимпиадаас нийт 55 медалийг хүртсэн бөгөөд Биологи, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Мэдээлэл зүйн хичээлийн төрлүүд дээр хамгийн өндөр амжилтыг гаргасан байна.

 

Харин амжилтыг сургуулиар нь эрэмбэлж үзэхэд Баяндалай сумын ЕБС, Даланзадгад сумын нэг, хоёр, гурав, тавдугаар сургууль, Манлай сумын ЕБС амжилтаараа тэргүүлжээ.

 

Related news