Шеннон Коулин: Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-29 18:27:13

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги нь хувийн хэвшлийн оролцоог сайжруулахад чиглэнэ.


АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегиа танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан энэхүү стратеги нь хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой аж.


Манай улс тус банкны  2021-2024 хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд 13 цэцэрлэг, 7 сургуулийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан төдийгүй худалдаа эдийн засгийн гол коридорыг хөгжүүлэх олон улсын болон улсын чанартай замын сүлжээг бэхжүүлэх зорилгоор 204 км авто замыг барьж ашиглалтад оруулсан юм.  Төвийн бүсийн эрчим хүчний системд 8 мквт чадалтай том чадлын эрчим хүч хуримтлуулах цэнэг хураамжийн системийг суурилуулж, 3 аймагт 25.5 мкв нарны цахилгаан станц,  нэг аймагт 3.6 мквт цаг багтаамж бүхий цэнэг хураагуурыг суурилуулаад байна. Бүсчилсэн хөгжлийн дэмжих зорилгоор 9 аймагт нийтдээ 27 мянган м куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан төдийгүй “Боршоо”, “Алтанбулаг”, “Бичигт” хилийн боомтын дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Мөн эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт 10 төсөл хэрэгжүүлж нийтдээ 41 сая ам.долларын бонд гаргасан нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дөхөм болжээ. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд хүртээмжтэй, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжсэн, тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, чадавх, боломжийг нэмэх стратегийн гурван тэргүүлэх чиглэлд анхаарч ажиллана хэмээн онцлов. 


Сангийн сайд Б.Жавхлан ярихдаа, Ирэх жилүүдэд бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор зам тээвэр, дэд бүтцийг сайжруулж, аялал жуулчлал, мал, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмнэ. Мөн ачаалалтай ажиллаж байгаа аймаг дүүргүүдийн эмнэлгийг сэргээн засварлаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнийн хүртээмжийг нэмэх зэрэг нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг багасгаж, засаглал, институцийн чадавхыг бэхжүүлж улс төрийн менежментийг сайжруулж, дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулна. Түүнчлэн энэхүү түншлэлийн стратегид чухал ашигт малтмалын салбарыг тусгаж өгснөөрөө бүс нутагт анхдагч болж байна" хэмээн онцлов. 


Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин хэлэхдээ, “Бид 2021-2024 онд хэрэгжүүлсэн түншлэлийн стратегид үндэслэн төлөвлөгөө гаргасан. Өнгөрсөн удаад эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр зэрэг салбарыг хөгжүүлэхэд анхаарсан бол энэ удаа хувийн хэвшлийн өсөлтийг дэмжиж, чадвартай, боловсон хүчинг бэлтгэх, эрчим хүчний шилжилтийг хийхэд туслалцаа үзүүлнэ. Ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахын тулд засгийн газартай хамтран бодлогын шинэчлэлийг сайжруулна.  Мөн ЭЗХЯ-тай төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр санхүүжих төслүүдийн жагсаалт дээр ажиллаж байгаа. Манайхаас хамгийн боломжийн төслийг хөгжүүлээд хөрөнгө оруулна.  Мөн сайн төсөлд шууд зээл өгөх зэргээр дэмжинэ” гэв.


Энэхүү түншлэл нь  урьдчилсан байдлаар 1.2-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай байх аж. 



 

 

 

 

 

 

Related news